Д.БАТНЯМ: Д.Сумъяабазар санаачилж Дагестан руу явуулсан нь их зөв шийдэл болсон
2019.07.18

Д.БАТНЯМ: Д.Сумъяабазар санаачилж Дагестан руу явуулсан нь их зөв шийдэл болсон

Энэ жилийн баяр наадмаар Монгол улсын 25 дахь аварга цолтон төрөв. Шинэ аварга Энхтөгсийн Оюунболд  анх 2015 оны улсын их баяр наадамд 9 даван түрүүлж улсын арслан цол хүртэж байсан билээ.  Тэр үед тэрбээр дөнгөж 21 настай байсан санагдана. Тэгэхээр энэ жилийн аварга цол монголчуудын  4 жилийн  итгэл, хүлээлт байсан юм.

Тэр үнэхээр одтой хийморьтой, хүчтэй, хурдтай байлаа. Баяр наадмын бөхийн тайлбарлагч  “2015 оны улсын их баяр наадмаар Оюунболд ингэж хоёр тийшээ харж гүйж байгаад л түрүүлчихсан. Энэ  жил яг л  түүн шигээ байна даа”  гэдгийг тодотгож,  наймын даваанд улсын арслан Ц.Содномдоржийг өвдөг шороодуулахад нь “энэ  янзаараа бол энэ жил Оюунболдыг юу ч тогтоож дийлэхгүй нь” хэмээн таамаглаж байсан билээ. Яг л тэр янзаар болов.

Э.Оюунболд Хан Хэнтий нутгаас төрж байгаа гурав дахь улсын аварга цолтон юм байна. Мөн тус аймгийн Өмнөдэлгэр сум улсын наадмын түрүүг 15  дахь удаагаа авч байна гэдгээрээ нэгэн өвөрмөц  дээд амжилт тогтоож буй бололтой. Үүнийг бөх судлаачид тодотгох биз.

Сайн явахад садан олон гэж үг бий. Үүн лүгээ наадмын дараагаас эхлэн түрүү бөхийн гавьяаг хуваалцах гэсэн  олон багш нар нэр усаа,  зураг хөргөө цахим орчинд  залж заларч байгаатай тааралдлаа.

Харин энэ талаар спортын сэтгүүлч С.Шижирбаатар “Э.Оюунболдыг хэн түрүүлүүлэв” гэсэн  нийтлэлийг  нүүр номоороо уншигчиддаа хүргэжээ.  Тэнд “Олон багш нар гараад ирэх шиг боллоо. Хөдөлмөрлөж зүтгэж гаргаж ирсэн хүнийг нь хэлье. Чөлөөтийн дасгалжуулагч Даваажавын Батням 2 жил тулж ажиллаж сэргээлээ. Алдаа хийгээд уналтанд орчихсон бие нь болохоо байгаад ирэхэд нь олон олимп дэлхийн аваргуудын нутаг Дагестан руу дагуулж явж бүтэн сар бэлтгэл хийлгэж, 170 гаруй кг-тай ирхэд нь 35 кг хасуулж эргэж 10 гаруй кг нэмүүлж өөрийнхөө бэлтгэлийн төлөвлөгөөгөөр удирдаж Сүүжид хамт гарсаан”  гэжээ.

Их спортын өдөр тутмын амьдралтай хамгийн ойр байдаг хүний хувьд С.Шижирбаатарын үгэнд эргэлзэх шалтгаан үгүй.  Гэсэн хэдий ч мэдээллиийг  эх сурвалжаас нь тодруулах үүднээс  дасгалжуулагч Д.Батнямтай холбогдож ярилцсанаа хүргэж байна.  Тэрбээр одоо “Цастын барс”  чөлөөт бөхийн клубт дасгалжуулагчаар ажиллаж байна. Батням багшийн гараас чөлөөт бөхийн Дэлхийн аварга Б.Шоовдор нарын алдартнууд төрж байсан  билээ. 

-Энэ жилийн улсын их баяр наадамд түрүүлсэн Э.Оюунболд аваргыг  тойрсон олон багш нарын нэр ус дуулдаж байна. Харин спортын сэтгүүлч С.Шижирбаатар  “Хөдөлмөрлөж зүтгэж гаргаж ирсэнхүн” нь таныг гэж нэрлэжээ. Үүнийг тодруулах гэсэн юм...

-Э.Оюунболд  бид хоёр  сүүлийн хоёр жил бэлтгэл дасгалаа  хамт хийж байгаа.  Наадмын бэлтгэлээ ч Сүүжид хамт хийсэн. С.Шижирбаатарын хэлсэнчлэн  хоёр жил тулж ажиллаж байгаа нь үнэн.

-Таныг Оюунболдыг  Дагестан руу авч явж тэнд бэлтгэл хийлгэсэн тухай сонслоо....

-Тиймээ, тэнд сар шахам хугацаанд бэлтгэл хийсэн. ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч байсан, олимп болон дэлхийн олон аварга төрүүлсэн Гусенов гээд их алдартай хүн байдаг. Тэр дасгалжуулагчийн дэвжээн дээр чөлөөтийн бэлтгэл хийсэн юм.

-Яагаад заавал Дагестаныг сонгох болов. Дасгалжуулагч хүний сонголт санамсаргүй байгаагүй нь лавтай...

-Дагестан явж бэлтгэл хийлгэх санаачлагыг анх гаргасан хүн нь Д.Сумъяабазар аварга байгаа юм.  Хэдийгээр одоо УИХ-ын гишүүн, төрийн сайд ч гэлээ өөрөө бөх хүн учраас  юмаа мэдэж байгаа шүү дээ.  Тэгээд л сонгосон хэрэг. Энэ сонголт нүдээ олсон зөв байжээ гэдгийг харлаа.

Дагестаныг сонгох хэд хэдэн шалтгаан байсан байх. Оросын алдартай бөхчүүдийн олонхи нь Дагестанаас төрсөн байдаг. Гэхдээ энэ сонгох шалтгаан бас биш.  Дагестанд бидний очиж дасгал суургууль хийсэн хот далайн түвшинтэй тэнцүү, өөрөөр хэлбэл  “0” метрийн өндөрт  оршдог.  Гэтэл Улаанбаатар хот далайн  түвшнээс 1300 м-ийн  өндөрт байдаг. Энд өндөр намын ихээхэн ялгаа байгаа биз.  Тэгэхээр өндөр газрын хүн нам дор газар очихоор  хүчилтөрөгчийн хангамж нь нэмэгддэг. Ийм үед зүрхний ачааллыг нь жигд хурдан хуваарилах  хэрэгтэй болдог.  Үүний тулд Crossfit гээд  дасгалжуулалтын зарчмыг сонгож авсан.  Товчхондоо Crossfit  зарчим гэдэг нь өндөр эрчимтэй интервал сургалт юм.  Оюунболдыг яг энэ зарчмаар тэнд дасгалжуулсан.   Хамгийн гол зорилго гэвэл жинг нь  багасгах явдал байсан. Тэгээд 175 кг жинтэй байсныг 135 кг болгож бууруулж чадсан.  Ингэхдээ хоол ундаар нь биш бэлтгэлээр жингийг нь хассан.  Наадмаар та бүхэн харсан байх. Оюунболд маш хөнгөн, хурдтай байсан шүү дээ.  

Дагестаныг сонгох  өөр нэг шалтгаан бол Гусенов дасгалжуулагч. Тэр хүн олимп  дэлхийн олон аварга төрүүлсэн.

-Гэхдээ үндэсний бөхийн хүнийг чөлөөтийн багш дасгалжуулна гэхээр  уялдаа холбоо хамаарал нь хэр байдаг юм бол?

-Манай өнөөдрийн аварга арслангууд чинь бүгд л чөлөөт, самбо гэхчлэн их спортоос л үндэсний бөхдөө орж ирсэн хүмүүс шүү дээ.

-Дагестанд очиж дасгал сургууль хийхэд зардал мөнгөнөөсөө эхлээд  хүндрэл их байв уу?

-Мэдээж асуудал байлгүй яахав. Гэхдээ сайн хүмүүсийн тусламж дэмжлэгээр бүх зүйл санаснаар бүтсэн. Д.Сумъяабазар аварга санаачлагыг нь гаргаад  гавьяат Б.Болд дасгалжуулагч маань Дагестантай холбож өгсөн. Санхүү, зардал мөнгөний тал дээр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ,  Х.Нямбаатар нар дэмжиж тусалсан. Өөр бас хүмүүс ч байгаа.  Энэ бүхний ачаар бид Дагестан явж байлаа. Тэр хүмүүст талархлаа илэрхийлье.

-Та нарын хичээл зүтгэл талаар болсонгүй. Мөн энэ санал санаачлага зөв байсныг саяын наадам харууллаа...

-Тэглээ. Их баяртай байгаа. Оюунболд маань  энэ хүмүүсийн,  цаашлаад Монголын ард түмнийхээ итгэлийг алдсангүй. Миний шавь нас залуу “хүүхдээрээ” хүн. Одоо энэ формоо алдахгүй, бэлтгэл сургуулилтаа тогтмолжуулаад байвал дахиад  хэд ч түрүүлэх боломж бий.

-Ярилцсанд баярлалаа

Г.Хантулга