УИХ: Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг байгуулав
2019.07.18

УИХ: Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг байгуулав

УИХ-ын нэгдсэн чуулганаар “Ажлын хэсэг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төслийг танилцуулгыг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хийлээ.

Тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийн даргаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга (өөртэй нь зөвшилцсөнөөр), Ажлын хэсгийн орлогч даргаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх (өөртэй нь зөвшилцсөнөөр), нарийн бичгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар тусгажээ.

Төслийг УИХ-ын гишүүдийн олонхи дэмжсэн учир, төслийг баталлаа.