Б.Энх-Амгалан 2019.07.19 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Монгол Улсад Автотээврийн салбар үүсч хөгжсөний 94 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье

Монгол Улсад Автотээврийн салбар үүсч хөгжсөний 94 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье
МЭНДЧИЛГЭЭ

Эх орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ түвшин сайхан амьдралын төлөө халуунд халж, хүйтэнд хөрч, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн тээвэрчид, тэдний үйл хэргийг залгамжилсан инженер, техникийн ажилтнууд, автотээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг үйлчилгээ, эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагын ажилтан, албан хаагчид Та бүхэнд Монгол Улсад Автотээврийн салбар үүсч хөгжсөний 94 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье.

Монгол Улсад тэмээн жин, морин өртөө зэрэг ердийн хөсөг тээврийг халж ачаа, зорчигч тээвэрлэх механикжсан тээврийн хэрэгслээс бүрдсэн шинэ салбар анх 1925 онд сууриа тавьж, орчин цагийн автотээврийн салбарын түүхийн хуудас нээгдсэн билээ. 

Автотээврийн салбарын 94 жилийн түүхэн замналыг өдгөө эргэн харахад дайны хүнд жилүүдэд эх орноо батлан хамгаалах, атар газар эзэмших, байгаль цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд иргэд, малчдад шуурхай тусламж үзүүлэх, улс ардын аж ахуй, их бүтээн байгуулалт, уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хангах зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, улс орны хөгжлийн түүчээ болсоор ирснийг тэмдэглэхэд таатай байна.

Өргөн уудам газар нутагтай, хүн ам цөөтэй, далайд гарцгүй, төмөр замын болон иргэний нисэхийн сүлжээ хязгаарлагдмал манай орны нөхцөлд автотээвэр нь ачаа, зорчигчийг “хаалганаас хаалга”-нд хүргэдэг, хамгийн түгээмэл, хүртээмжтэй, хэрэглэгчид ойрхон үйлчилгээ байсан төдийгүй цаашид ч энэ ач холбогдол, байр сууриа хадгалан үлдэх нь гарцаагүй юм. Тээврийн үйлчилгээний гүйцэтгэлээс харахад нийт зорчигч тээврийн 98 хувийг, ачаа тээврийн 65 хувийг автотээврийн хэрэгслээр тээвэрлэж байна. 

Олон улсын автотээврийг хөгжүүлэх чиглэлээр хөрш орнуудтайгаа “Азийн авто замын сүлжээгээр автотээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр”-ийг байгуулж, уг хэлэлцээрийн дагуу Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын хооронд дамжин өнгөрөх тээврийг эхлүүллээ. Ингэснээр Монголын автотээвэрчид БНХАУ-ын Тяньжин боомтоос ОХУ-ын Улаан-Үүд хот хүрэх бодит боломж бүрдэж байна. 

Монгол Улс одоогийн байдлаар Орос, Хятад, Казахстан, Украин, Турк, Беларусь, Киргиз, Латви, БНАСАУ, Унгар, Литва зэрэг улсуудтай “Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулан тээвэрлэлтийг гүйцэтгэж байна. Сүүлийн жилүүдэд манай улсын гадаад худалдааны эргэлт өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс Польш, Чех, Гүрж, Словак, Герман улстай автотээврийн гадаад харилцааг өргөжүүлэх чиглэлээр Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна.

Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Засгийн газар, УИХ-д өргөн бариад байна. Мөн “Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг Монгол Улсын Засгийн газраас батлан гаргалаа. 

Түүнчлэн Автотээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн хог хаягдлын улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, хог хаягдлын менежментийг сайжруулах, ангилах, дахин ашиглах, ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр онцгой анхаарч, дахин боловсруулах цогц үйлчилгээний төвийг байгуулахаар ажиллаж байна. 

Энэ онд автотээврийн салбарт тохиож буй бас нэгэн чухал үйл явдал бол Нийслэлийн тээврийн үйлчилгээний газар байгуулагдсаны 50 жилийн ойн баяр юм. Тэртээ 1969 оны БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 141 дүгээр тогтоолоор нийслэлийн авто аж ахуйн газруудын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах, зохицуулах үүрэг бүхий Улаанбаатар Хотын Тээврийн Удирдах газар байгуулагдаж байсан түүхтэй. 

Тус яамны зүгээс Нийслэлийн Засаг дарга, түүний хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн тээврийн үйлчилгээний газартай нягт хамтран ажиллаж, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, хотын тээврийг хөгжүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхээр холбогдох ажлуудыг төлөвлөн, хамтран хэрэгжүүлэхээр зорьж байна.

Автотээвэрчид Та бүхний минь алтан шар зам өлзийтэй байх болтугай!

УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД
Б.ЭНХ-АМГАЛАН