Ц.Гарамжав 2019.07.22 | Өдрийн сонин

Ц.Гарамжав: Үндсэн хуульд Баялгийн сантай болох тухай тусгах хэрэгтэй

Ц.Гарамжав: Үндсэн хуульд Баялгийн сантай болох тухай тусгах хэрэгтэй

Өдрийн сонин, Сэтгүүлч Отгоншаравын Ариунцэцэг

УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай ярилцлаа.


-Та Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ямар байр суурьтай байгаа вэ?

-Монгол Улсын Үндсэн хууль хориод жил тогтвортой үйлчилсэн. Харин одоо бидний өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий юү, Үндсэн хуульд ямар зарчмаар өөрчлөлт орох ёстой вэ гэсэн асуултууд гарч ирж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд зааснаар нийт ард иргэдээс санал авсны дараагаар өөрчлөх, нэмэх асуудал яригдах учиртай. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийн талаар нийт иргэд дунд өргөн хэлэлцүүлэг болж байгаа нь онцлууштай. Ард иргэдийнхээ санаа бодлыг сонсохоор гишүүд өөрсдийн тойрогтоо ажиллалаа. Би ч мөн Сонгинохайрхан дүүргийнхээ зарим хороодод хэлэлцүүлэг өрнүүллээ. Иргэд хэлэлцүүлэгт маш идэвхтэй оролцсон.

Уулзалтад ирж буй иргэдийн 80 орчим хувь нь ахмадууд байлаа. Ер нь уулзалтуудад зонхилж ирдэг нийгмийн идэвхтэй хүмүүс нь ахмадууд маань байдаг. Үлдсэн 20 орчим хувь нь дунд эргэм насныхан байсан бол залуу үе маш цөөн тоотой ирлээ. Магадгүй тэд ажилтай, тодорхой шалтгаантай байсан байх.

Ард иргэдийн саналыг харвал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөв гэж үзэж байна. Ялангуяа нийгэмд шүүмжлэлийг дагуулдаг давхар дээл, шүүхийн хараат бус байдал, засаглалын тогтолцоо зэрэг асуудлуудыг онцолж байна. Манай тойрог болон бусад тойрогт эдийн засгийн асуудлуудыг хангалтгүй тусгагдсан байна гэсэн саналыг ч хэлсэн. 2000 оны нэмэлт, өөрчлөлтөд эдийн засагтай холбоотой зүйл заалт бага тусгагдсан. Энэ нь тухайн үед эдийн засаг тогтвортой байсантай холбоотой байх. Харин одоо эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдсөн.Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхэд дөхөмтэй зүйл, заалтыг Үндсэн хуульд зайлшгүй тусгах хэрэгтэй. Ялангуяа байгалийн баялгийг нийт ард түмэнд хүртээлтэй байлгах асуудлыг тусгаж өгөх нь зөв. Мөн монголчууд бид байгалийн баялаг, уул уурхайн хөгжилтэй холбоотой гадна, дотны гэрээ хэлцлүүд хийж томоохон үйлдвэрлэлүүд явагдаж эхэлсэн. Иймд үүнтэй холбогдуулан үндэсний эрх ашигт нийцүүлсэн заалтыг оруулж өгөх нь чухал гэдгийг иргэд онцолж байна. “Оюу толгой”, “Таван толгой” зэргээс шалтгаалан энэ саналыг хэлж байгаа байх.

-Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох саналыг хүргүүлсэн. Энэ нь зөв үү?

-Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл, саналыг УИХ хүлээн авч хэлэлцэж байна. УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох тухай санал орсон. Энэ санал өмнөх парламентад бас яригдаж байсан. Манай улсан хүн ам 3.2 саяд хүрсэнтэй холбогдуулж ийм санал оруулж ирсэн байх. Олон улсад парламентын гишүүдийн тоог тооцоолж тогтоодог юм билээ.

-Гишүүдийн тоог нэмэхээр бол хоёр танхимтай байх нь зөв гэх саналууд ч гарч ирж байна. Энэ тухайд?

-Ард иргэдийн зүгээс ч УИХ-ын бүтэц зохион байгуулалтын тухай, ялангуяа парламентын засаглалтай оронд дээд, доод гэсэн хоёр танхим тохиромжтой талаар хэлж байна. Манай улс өмнө Ардын их хурал, Улсын бага хуралтай байсан. Энэ нь хоёр танхимын нэг хэлбэр гэж харж болно. Гишүүдийн тоог нэмэх нь нэг талаараа түүн шиг болгох гэсэн хэлбэр. Дээд танхимд мэргэжлийн хуульчид байх нь зөв. Тэд баталсан хууль зөв гарсан уу, цаг үетэйгээ нийлсэн үү, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чадах уу зэргээр шүүх юм. Харин доод танхимд бүх төрлийн салбарынхан салбараа төлөөлөн суух болно. Бид саяхан Швецарийн парламентын танхимтай танилцсан. Тус улсын парламент эрх нь тэнцүү хоёр танхимтай юм байна. Маш их ардчилалтай, хяналт хатуу юм байна лээ. Нэгдүгээр танхимын хийсэн ажилд хоёрдугаар танхим хяналттай ажиллаж саналаа баталдаг тогтолцоотой юм билээ.

-108 гишүүний тэн хагасыг пропорциналь, үлдсэнийг нь мажоритар тогтолцоогоор сонгоно гэж байгаа. Энэ нь зөв үү?

-Улс нэг том тойрог байна гэдгийг би хувьдаа зөвшөөрөхгүй байгаа. Учир нь иргэд сонгохдоо таньдаг хүнээ л харна. Шинээр гарч ирэх гэж буй ажил хэрэгч хүмүүст боломж нь багасна гэж харж байгаа. Хийж, бүтээхийн жаргал, зовлон, бэрхшээлийг өнгөрсөн 20, 30 жилд мэдэрсэн салбар бүрийн мэргэжилтэй хүмүүсийг парламентад гаргамаар байна. Миний бодлоор бүсчилсэн тойрог чухал. Аймаг, дүүргээр бүсчилсэн тойргоор сонгууль явуулбал үр дүнтэй гэж үзэж байгаа. Жишээлбэл, Баянзүрх дүүрэгт 30 жил амьдарч байгаа иргэн дүүргийнхээ төлөө бүтээлчээр ажиллаж чадах хүнээ сайн мэдэж сонгож чадна.

Түүнчлэн УИХ-ын гишүүн хуулиа уншиж, судалж өнөөдрийн тулгамдаж буй асуудалд тохируулан хуулиа зөв тогтоох хэрэгтэй. Одоо орж ирж буй хуулиудад маргаан дагуулах томьёоллууд байгаа. ААН-үүдийг хохироох, давхар үүрэг оногдуулах үр дагавартай хуулиуд ч орж ирж байна. Жишээлбэл, тодорхой тоног төхөөрөмж оруулж ирвэл татвараас чөлөөлнө гэж тусгасан хэрнээ Татварын хуульд чөлөөлөх нь эргэлзээтэйгээр тусгасан байна. Биднийг 2016 онд гишүүн болоход Монгол Улсын хилийн тухай хууль орж ирсэн. Монгол Улсын хилийн цэргийг хилээс нааш 100 метрээр татна гэсэн байсан. Үүн дээр маш их маргаж байсныг тод санаж байна. Уг чанартаа хилийн цэрэг хилээ хамгаалахгүй, цагдаагаар хамгаалуулъя гэсэн санаа байсан. Энэ мэт юунд зориулагдаж буй нь тодорхойгүй хуулиуд байдаг. Гишүүд хуулийг маш анхааралтай авч үзэж, нухацтай хандах хэрэгтэй.Хоёр танхимтай болбол дээд танхим нь хуулиар мэргэшсэн гишүүдээс бүрдэх ёстой гэж байгаагийн шалтгаан нь энэ юм. Мэргэшсэн гишүүд хууль батлахдаа далд утга илэрхийлээгүй, нэг мөр ойлголттой байна гэх зэргээр нухацтай авч үзэх болно.

УИХ-ын гишүүд хууль санаачилж, батлах ёстой. Гэтэл жижиг тойрогт УИХ-ын гишүүн аж ахуйн алба хийдэг, хөөцөлддөг, хөрөнгө мөнгө улсын төсөвт тусгуулгах гэж их ажил болдог. Мөн Байнгын хороодын хурал, Ажлын хэсгийн хурал өдөр бүр болно. Ойрмогхон тойрогтоо очих ч хэрэгтэй болно. Хууль боловсруулах, судлах, санаачлах ажлаа хийх үү, дүүрэг хорооны ажлыг хийгээд байх уу гэдгийг бодох л хэрэгтэй. Одоогийн сонгуульд мажоритар систем зөрчилтэй гэж үзэж болно.

-УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох нь зөв үү?

-Зөв. МАН 2016 онд ялалт байгуулаад эхний хоёр жилд эдийн засгийг тогтворжуулахын төлөө ажилласан. Улмаар эдийн засгийн хямрал тэг түвшинд очиж, түр хугацаагаар зогссон үед гишүүд тойрогтоо ажиллаж эхэлсэн. Сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг яаравчлуулж, ажил хэрэг болголоо. Энэ мэтээр мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд эхэлж байвал бүрэн эрхийн хугацаа дуусдаг. Хоёр жилийн өмнө эхэлсэн цэцэрлэг одоо хэр нь ашиглалтад ороогүй байна. Төлөвлөгдөнө, тендер зарлагдана, санхүүжилт нь орно гээд маш олон шат дамжлагатай байна. Тендер зарлагдах процесс л гэхэд бүтэн нэг жил үргэлжилж байна. Тендерийн процесс маш хүнд сурталтай байна. Үүнийг сууриар нь өөрчилмөөр байгаа юм. Улсын хөрөнгийг мэдээж хяналттай зөв зарцуулж, хамгийн чанартай гүйцэтгэдэг байгууллагууд гүйцэтгэх ёстой. Гэхдээ тендерийн хяналттай байна гэснийг далимдуулаад улам хүндрэлтэй болгочихож. Хүнд сурталтай, луйврын байдал их ажиглагдах болжээ. Тендерийг шударга хөдөлмөрлөдөг ААН-үүд авч чадахгүй байхад араасаа дэмжлэгтэй хэн нэг эрх мэдэлтний компани л түүнийг авч байна. Эрх мэдэлтэн тэр шат дамжлагаар ямар ч саадгүй ордог. Гэсэн хэрнээ тендерээ авчихаад ажлаа гүйцэтгэдэггүй. Төсөв нь бага байна гэж заргалдаад ажлаа дуусгахгүй олон жил болдог. СХД 30 дугаар хорооны "Хилчин хотхон"-ы бохир, цэвэр ус, дулааны шугамыг засварлах тендерт өрсөлдөөд таван тэрбум төгрөг авчихаад хийгээгүй компани ч байна. Ийм харамсалтай зүйлд хэлэх ч үг олдохгүй юм. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт нийгмийн үйлчилгээний барилгын ажлыг чанаргүй гүйцэтгэдэг компаниуд олон байна. Нөгөө талдаа чанартай гүйцэтгэдэг компаниудад боломж олддоггүй. Өмнө нь цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ муу байсан асуудал эднээс үүдэлтэй. Мөнгийг нь төсөвлөчихсөн, төлөвлөгдсөн ажил явахгүй байна гэдэг сэтгэл байхгүй, хяналтгүй байдлаас үүдэж байгаа. Ийм зүйл манайд шат шатандаа байна. Энэ мэт зүйлсэд маш их хугацаа орж байна гэдгийг онцлох нь зүйтэй болов уу.

-Төрийн албыг хариуцлагажуулах зохицуулалт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдсан байсан?

-Тийм. Төрийн албыг зохицуулах, хариуцлагажуулах хэрэгтэй. Бид төрийн албыг багагүй дархлаажуулчихсан. Хэдий дархлаажуулсан ч хариуцлагын асуудлыг яриагүй. Одоо үүнийг ярих хэрэгтэй.

-Ерөнхийлөгч намуудын гишүүнчлэл 50 мянгаас доошгүй байх ёстой гэжээ. Энэ нь шинээр нам үүсэх боломжийг хааж байна гэх юм. Та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ их бодох ёстой асуудал. Би Ерөнхийлөгчийн санааг ойлгож байна. Учир нь манай улсад нам гэдэг үндэстэн бий болчихсон. Ардын нам, Ардчилсан нам гэдэг үндэстэн. Үүнээс үүдэж ах, дүү нар хүртэл нэгэндээ намчирхаж хандаж байна. Үүнд нуух зүйл байхгүй. Бид үзэл суртлаараа хуваагдчихаад байна. Цөөхүүлээ бидэнд энэ маш харамсалтай зүйл юм. Энэ үүднээсээ Ерөнхийлөгчийн зөв. Нөгөө талаасаа нам гэдэг байгууллага үүсэн тогтнохдоо үзэл бодол, үйл хэргээрээ нэгддэг. Энэ нийгмийг ингэж хөгжүүлье гэсэн өөрсдийн үзэл сурталтай хэсэг бүлэг хүмүүс юм. Тэгэхээр үзэл суртлаараа нэгдэж буй хүмүүст тоо тогтоох хэцүү. Үүнийг бид хэлэлцэх хэрэгтэй. Ард иргэд юу гэж харж байгааг харгалзах хэрэгтэй. Нэг үе олон ургальч үзэл сайн гэж байсан. Одоо дэндүү их ургальч үзэл саад болж байна. Нэг нь гарч ирээд нөгөө хүнийхээ бодлогыг нураана. Ялангуяа манайд сүүлийн 20 гаруй жилд анархизм хүчтэй явагдлаа. Ард иргэдийн зүгээс ардчилсан бус авлигажсан нийгэм бий боллоо гэж харж байна. Олон ургальч үзэл ийм харамсалтай үр дүнд хүргэж байгаа учраас бид энэ талаар нэгэнт бодох болжээ. Болоогүй байна гээд хойш нь тавих биш бид энэ саналыг маш нухацтай хүлээж авах хэрэгтэй.

-Баялгийн сан байгуулах, байгалийн баялгийг нийтийн өмч болгох зэрэгт та санал нийлэх үү?

-Анх би чуулган дээр Баялгийн сан байгуулъя гэсэн санал гаргаж байсан. Хуучин Үндсэн хууль дээр эдийн засгийн тухай зүйл заалт байгаагүй, одоо ч гэсэн алга гэдгийг хэлсэн. Эдийн засгаа харгалзан үзэж, Баялгийн сантай болох хэрэгтэй. Манайх шиг байгалийн баялагтай улсууд Баялгийн сан байгуулж, хямралд өртөхөөс сэргийлдэг. Мөн тэр сангаараа дамжуулан жижиг дунд үйлдвэрлэл, төслүүдийг дэмждэг. Энэ тухай өмнөх УИХ ч бас олон ярьсан. Норвеги зэрэг улсуудаас ч туршлага судалж байсан. Тэд нэг их наяд еврогийн Баялгийн сан хуримтлуулж чадсан байна. Тус сангийн тусламжтай тэдгээр улсын эдийн засагт ямар нэгэн хэлбэлзэл үүсдэггүй. Манай улсад ийм сан хэрэгтэй. Нэг улс төрийн нам гарч ирээд хэрэгжүүлсэн бодлого нь сөргөөр нөлөөлж, эдийн засаг хямрахаас сэргийлэх хэрэгтэй. Ийм зүйл байхгүйгээс үүдэж өнөөдөр бидний өр улам нэмэгдэж, ААН-үүд дампуурч байна. Энэ бүхэн эрсдэлийн болоод Баялгийн сан байхгүйтэй холбоотой.Ерөнхийлөгч ч бас ийм утгатай санал гаргасан. Бид энэ тухай хэлэлцэнэ. Нэмж хэлэхэд миний хувьд Үндсэн хуульд эдийн засгийн тухай зүйл, заалт заaвал тусгаж өгөх цаг нь болсон гэж үзэж байгаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүх засаглалыг хараат бус, хариуцлагатай болгохыг зорьж буй талаар хууль санаачлагчид хэлж байгаа. Энэ биеллээ олох болов уу?

-Шударга, үүргээ мэддэг, хариуцлага хүлээлгэх шүүхийн тогтолцоо хэрэгтэй байна. Шүүхийн тогтолцооны асуудлаар иргэдээс маш их санал ирсэн. Санал өгч буй хүн бүр энэ тухай ярьж байлаа. Иргэд ШЕЗ-д УИХ-аас таван хүн орно гэсэн заалтыг төдийлөн сайшаахгүй байна. Учир нь шүүхийн хараат бус байдлыг алдагдуулна гэж үзэж байна.Ард иргэдийн төлөөлөл тав, УИХ-ын төлөөлөл тав, үлдсэн нь арваас дээш жил ажилласан шүүгч байна гэж байгаа. Энэ нь зөв тогтолцоо мэт боловч нөгөө талаараа улс төрийн нөлөөлөл байгаад байх магадлалтай. Тиймээс тав биш гурав болгоё гэх мэтээр санал гарсан.

Ерөнхий шүүгч болон ШЕЗ-ийг 12 жилээр томилогдохыг иргэд огт зөвшөөрөхгүй байна. Хаант засаглал биш учир зургаан жил байхад хангалтай. Энэ санал ард иргэдээс ч, бидний дундаас ч гарсан. Ирсэн саналуудыг харахад ард иргэд уг хуулийн төслийн талаар маш сайн судалжээ.

-Давхар дээлийг бүрэн тайлах нь зөв үү?

-Давхар дээлийн асуудлыг бүр мөсөн халах нь зүйтэй. Ерөнхий сайд ганцаараа давхар дээлтэй байг. Цаана нь хоёрын хооронд дөрвөн хүн гэж зай үлдээх хэрэггүй. Монголын бүх салбарт чадварлаг мэргэжилтнүүд олон бий. Тэднийг сайдаар ажиллуулах боломжтой. Салбар бүрт мэргэжлийн хүн сайд байх хэрэгтэй гэсэн санал иргэдээс их гарч байсан. Тэгэхгүй бол ашиг сонирхлын зөрчил үүсэх магадлалтай. Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлж, хариуцлагаа ч хүлээх хэрэгтэй. Нэг сайдын өмнөөс нийтээрээ огцордог нь буруу. Иймээс Ерөнхий сайд сонголтоо анхнаасаа маш зөв хийх хэрэгтэй