Л.Энхболд 2019.07.22 | Өглөөний сонин

Л.Энхболд: Засгийн газар Тост, Тосон бумбын тусгай хамгаалалтын хилийн зурвасыг шинэчлэх ёстой

Л.Энхболд: Засгийн газар Тост, Тосон бумбын тусгай хамгаалалтын хилийн зурвасыг шинэчлэх ёстой

Өглөөний сонин, Сэтгүүлч Х.Мандахбаяр


Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах зайлшгүй шаардлага үүссэний дагуу УИХ-аас  2016 онд нийт 896 мянган га газрыг тусгай хамгаалалттай бүсэд багтаах чиг үүрэг бүхий тогтоолыг баталсан. Уг тогтоолын дагуу Засгийн газраас тусгай хамгаалалттай бүсийн хилийн заагийг тогтоох ёстой байсан ба тогтоол батлагдсанаас даруй жилийн дараа энэ арга хэмжээг авсан нь анхаарал татдаг.

Засгийн газар Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалттай бүсийн хил хязгаарыг тогтоохдоо анхны тооцооллоор нь батлалгүйгээр Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн “Сауд гоби коэл транс” компанийн лицензтэй талбайг хилийн цэсийн гадна үлдээсэн юм. Улмаар өнгөрөгч 2018 оноос эхлэн тус компани нь байгаль орчны нарийвчилсан үнэлгээгүй, орон нутгийн удирдлагуудын зөвшөөрөлгүйгээр хууль бус олборлолт явуулж, урагшаа нүүрс экспортолж эхэлсэн байдаг. Уурхай ажиллаж буй газрын хөрсөн доор гүний усны хагалбар байдаг ба олборлолт явуулж эхэлснээр усны судал тасарч уурхайн шанаганд зүмбэний ус тогтоод байгаа талаар бид мэдээлж байв.

Тост, Тосон бумбын нуруу, цаашлаад Гурвантэс сум цэвэр усгүй болж, булаг шанд  ширгэж үгүй болох аюулыг учруулж байгаа дээрх үйлдлийг эсэргүүцэн орон нутгийн удирдлагууд болон иргэд, тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран тус уурхайн үйл ажиллагааг зогсоохыг шаардаж байгаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энхболд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах хилийн зурвасын хэмжээг дахин тогтоолгох хүсэлтийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нарт хүргүүлээд байгаа юм.

Тост, Тосон бумбын нурууны хилийн зурвасын хэмжээг дахин тогтоолгох асуудлаар Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболдтой ярилцлаа.


-Та Засгийн газарт хандан Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн зурвасыг шинэчлэх хүсэлт гаргахдааа ямар судалгааны дүн, эрхзүйн баримтуудыг үндэслэлүүдийг тавьсан бэ?

-Говь цөлийн бүсийн эмзэг экосистем, ховор амьтад бүхий Тост, Тосон бумбын нурууг УИХ-ын 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 35 дугаар тогтоолоор байгалийн нөөц газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Засгийн газрын 91 дүгээр тогтоолоор Тост, Тосон нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоосон. Ингэхдээ ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэн, "Ирвэс хамгаалах сан" ТББ-тай хамтран гүйцэтгэсэн суурь судалгаа, “Де Нэйчи Консерванс” олон улсын байгууллагаас хийсэн хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай, экологийн чухал ач холбогдолтой газрын судалгаа, Гурвантэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн "Улсын тусгай хамгаалалтад авах тухай" 21 дүгээр тогтоол, Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны долоодугаар сарын 2-ны өдрийн "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" 66 дугаар тогтоолыг тус тус үндэслэн баталсан байдаг.

Гэвч тусгай хамгаалалтад авах газрын хилийн заагийг тогтоохдоо дээрх үндэслэлүүдийг баримталсан гэх боловч зайлшгүй хамгаалалтад авах ёстой онцгой газар нутаг буюу "Сауд гоби коэл транс" ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрөл бүхий талбайг хилийн цэсийн гадна үлдээсэн юм. Энэ үйлдэл нь "Сауд гоби коэл транс" ХХК-д давуу эрх олгосон бөгөөд ашиг сонирхлын зөрчил үүссэн байх магадлалтай. Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоос зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн байж болзошгүй хэмээн үзсэн. Тиймээс тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хилийн заагийг дээрх судалгаа, баримт бичгүүдэд тусгагдсан зурвасын дагуу яаралтай шинэчлэн тогтоож өгөхийг Засгийн газраас дахин хүссэн юм.

-Засгийн газраас ямар хариулт ирсэн бэ?

-Монгол Улсын Засгийн газраас хариулт ирсэн. Хариултаас харахад бүх зүйл ном журмын дагуу юм шиг байгаа. Гэхдээ миний цуглуулсан материалаас харахад ээдрээтэй асуудал их бий. Үүнийг Засгийн газар олж хараач гэж хүсэж байгаа юм. Лиценз хэрхэн олгогдсон, менежментийн төлөвлөгөөг батлуулахдаа анхан шатны байгууллагуудтай хэрхэн харилцсан гээд нягтлах олон асуудал бий.

-Засгийн газар Тост, Тосон бумбын тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн зурвасыг хэрхэн тогтоосон талаар Та дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-2016 оны дөрөвдүгээр сард УИХ-аас Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах нь зүйтэй гэсэн тогтоол гарсан байдаг. Хилийн зурвас тогтоох эрх нь Засгийн газарт байдаг учраас УИХ-аас тусгай хамгаалалтад ав гэдэг чиглэл өгсөн. УИХ-ын тогтоолыг биелүүлэх үүрэг Засгийн газарт ирж байна гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын чиглэлийн яам буюу Байгаль орчны яамнаас тодорхой судалгаа, тандалт хийгээд хилийн зурвасыг хаагуур нь тогтоож болох вэ гэдэг үндэслэлээ гаргасан. Тусгай хамгаалалтад авахын тулд тэнд байгаа бүх ховор ургамал, амьтан, булаг шандыг судалсан.

Энэ хүрээнд Тост, Тосон бумбын хамгийн их дуулиан тариад байгаа амьтан болох дэлхийд ховордсон ирвэсийн нутагшилтыг судалсан. Нөгөө талаасаа тэнд амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах ёстой. Ингээд ажлын хэсгээс 890-ээд мянган га газрыг тусгай хамгаалалтад авах нь зүйтэй гэсэн байдаг. Мөн Өмнөговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолд 500 гаруй мянган га газрыг тусгай хамгаалалтад авах нь зүйтэй гэсэн бол Гурвантэс сумын ИТХ-ын тэргүүлэгчид 660-аад мянган га газрыг тусгай хамгаалалтад авъя гэдэг санал гаргасан.

Сум, аймаг, яамны түвшинд судалгаа хийгээд тусгай хамгаалалтад авах шаардлагатай газрын хэмжээг гаргасан хэрэг. Энэ гурван үндэслэлийг харгалзан Монгол Улсын Засгийн газраас хилийн зурвасыг тогтоосон гэдэг хариуг надад ирүүлсэн. Гэтэл үндэслэлээсээ эсрэг шийдвэр гарсан байсан. Үнэхээр сум, аймаг, яамны үндэслэлийг харгалзаж үзсэн бол Тост, Тосон бумбыг тойрсон уул уурхайн маргаан гарахгүй байсан. Яагаад гэвэл “Сауд гоби коэл транс” компанийн ашиглалтын лицензтэй талбай нь өөрөө энэ гурван үндэслэлээр тогтоосон хилийн зурваст багтчихсан байгаа. Засгийн газраас 743 мянган га газрыг тусгай хамгаалалтад авсан боловч гол хамгаалах учиртай булаг шанд бүхий ирвэс хамгаалах шаардлагатай нутгийг үлдээчихсэн.

-Нэгэнт буруу шийдвэр гаргаад уул уурхайн компани, нутгийн иргэдийн дунд маргаан үүсчихлээ. Одоо хэрхэх вэ?

-Засгийн газар хурдан алдаагаа засаад хилийн зурвасыг шинэчлэн тогтооход л бүх маргаан дуусна. Төрийн алдаа засагдаж усны хомсдол, цөлжилтийн асуудалтай байгаа оорон нутгийн оршин суугчдын эрх хангагдах боломжтой. Тиймээс УИХ-ын гишүүнийхээ хувьд асуулга тавиад, хүсэлт илгээлээ. Цаашид Засгийн газарт асуудлыг тавиад явах боломж олон нийтэд нээлттэй болсон.

-Та Засгийн газрыг алдаа гаргасныг олж хараад асуудлыг шийдэх шийдлийг олчихлоо. Үүнийгээ илэрхийлж Засгийн газарт хүсэлт тавиад нэг сар боллоо. Цаашид үйл явц хэрхэн өрнөх бол?

-Энэ шийдвэр нь өмнөх Засгийн газрын шийдвэр юм. Тэгэхээр шинэ Засгийн газар асуудлыг нягталж үзэх шаардлагатай. Байгаль орчны яамнаас дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулах гэж байгаа юм билээ. Ажлын хэсгээ яаралтай байгуулаад асуудлыг эргэн нягталж үзээд хариу өгнө гэдгээ надад хэлсэн. Би шаардлагатай гэж үзвэл Их хурал дээр асуух боломжтой. Хэрэв миний хүсэлтийн дагуу Засгийн газраас асуудлыг шийдчих юм бол Их хурал дээр асуух шаардлагагүй. Тийм учраас би хүсэлтээ илгээж байгаа юм. Энэ хүрээнд өмнөх Засгийн газрын алдаатай шийдвэрийг Засгийн газар нягталж үзэх ёстой.

-Ер нь уул уурхайн компани, байгаль орчноо хамгаалах иргэдийн хооронд үүсч буй зөрчлийг хэрхэн шийдвэрлэх учиртай вэ?

-Яг гол нь энэ юм. Нэг хэсэг нь лиценз нэртэй цаас цүнхэндээ хийчихээд зардаг болчихлоо. Шударга ёс байхгүй болсон гэдэг нь шууд үүнтэй холбоотой. Эдгээр асуудлыг шийдэхээр би хоёр ч хууль санаачлаад явж байгаа. Нэг нь Усны тухай хууль. Өнөөдөр уул уурхайн зориулалтаар газрын гүний усыг ашиглаж байгааг зохицуулах шаардлагатай байна. Монгол Улсын нийт усны нөөцийн ердөө 1.9 хувь нь газрын доорх ус. Олон улсын төвшинд хэрэглээнийхээ 20 хувьд нь газрын гүнээс, 80 хувьд нь гадаргын ус хэрэглэдэг. Гэтэл манайд 80 хувьд нь газрын гүний ус хэрэглэж байна. Газрын доорх ус нь гадаргынхаа усыг тэтгэдэг эх үүсвэр. Цэнгэг усныхаа нөөцийг уул уурхайд ашиглахыг хориглоё гэж байгаа юм. Улсын хэмжээнд 206 цэнгэг усны орд бий. Гүний усыг дулааны цахилгаан станцуудад хэрэглэдгийг болиулах хэрэгтэй. Үгүй бол улаанбаатарчууд удахгүй усны хомсдолд орно. Туул голыг тойрсон 17 цэгээс гүний ус олборлож байна. Эндээс цахилгаан станц, арьс ширний үйлдвэрүүдтэйгээ иргэд нь усаа хувааж ууж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байгаатай холбогдуулан энэ хуулийн хэлэлцүүлэг түр хойшлоод байгаа.

Мөн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахаар төслөө боловсруулж байна. Монгол Улсад Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга, Эрдэнэт гээд олон том орд ажиллаж байна. Үүнийг лиценз хэлбэрээр тараагаад байгааг цэгцлэхгүй бол болохгүй. Тиймээс сумын газар нутгийн 10-аас дээш хувьд лиценз олгохыг зогсооё. 90 хувийг нь бэлчээр болон аялал жуулчлалын зориулалтаар авч үлдье. Одоогийн байдлаар улсын хэмжээний 10 хүрэхгүй хувьд лиценз өгсөн гэж байгаа боловч зарим бүс нутагт хэт их лиценз олгосон байна. Нөгөө талаасаа Хаалтын сангийн тухай ойлголтыг хуульд оруулж байгаа. Тухайн уурхайн олборлолт эхлэхээс өмнө ТЭЗҮ-ийг нь үндэслэн олох ашигтай нь уялдуулан тодорхой хэмжээний хөрөнгө санд байршуулах юм. Тухайн компани нийгмийн хариуцлагаа биелүүлснээс хамаарч буцааж мөнгөө авна. Жишээ татахад Гурвантэс сумын Тост багийнханд зориулж тухайн уурхай ямар ажил хийхээ иргэдэд танилцуулна. Түүнийгээ хийчихвэл сангаасаа мөнгөө авна. Тэгэхгүй бол нийгмийн хариуцлагаа биелүүлдэггүй, байгаль орчноо сэргээдэггүй компаниудаас болж уурхай, иргэдийн хооронд маргаан гараад байна. Харин хуульчлаад өгчихөөр дахиж Монгол Улсад уул уурхай, иргэдийн хооронд маргаан гарахгүй.

-Тост, Тосон бумбын маргаанаар нутгийн иргэд шүүхэд ялагдсан. Энэ асуудлаар бичсэн сэтгүүлчдийг зөрчлийн хуулиар шүүх, цагдаад дуудаж байна. УИХ-ын гишүүдийн зүгээс хүсэлт тавилаа. Гэсэн ч асуудал шийдэгдэхгүй бол яах вэ?

-Дараагийн шат байгаа л даа. Монгол Улсын Засгийн газар алдаагаа засахгүй бол Захиргааны хэргийн шүүхэд хандахаас өөр арга байхгүй. Шударга шүүх гэж байдаг бол асуудал дороо шийдэгдэнэ. Энгийнээр тайлбарлахад шийдвэр гаргасан этгээд үндэслэлийг хэрэгсэж үзээгүй нь тодорхой учраас Захиргааны хэргийн шүүх дээр очоод гарцаагүй унана.

-Тэгвэл иргэдийг талцуулж, шүүх дээр очиж байхаар Засгийн газар л шийдвэрээ хурдан гаргах хэрэгтэй юм байна?

-Би Засгийн газрын ажлын хэсэгт найдаж байна. Нөгөөтэйгүүр нийгэм шударга ёсыг хүсэмжилж байгаа цаг үед Захиргааны хэргийн шүүх хуудуутай шийдвэр гаргахгүй болов уу. Тиймээс хэрэв Засгийн газарт итгэхгүй байгаа бол Захиргааны хэргийн шүүхэд итгэхийг зөвлөх байна. Тэгэхээр итгэл алдрах болоогүй. Мэдээж маргаантай асуудал бий. Миний хувьд Засгийн газар иргэдийн хүлээлтэд нийцсэн шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Засгийн газрын өөрсдийнх нь үндэслэлийг өөрсдөд нь эргүүлээд тавьчихад л асуудал хялбар шийдэгдэнэ.

Миний байр суурь бол байгаль орчноо хамгаалах явдал. Ялангуяа газар нутгаа зардаг, бусадтай нийлж байгалийн баялгаа ухдаг явдалд бухимдалтай ханддаг. Би хэн нэгнийг хэрэгт хийх гээд, мууг нь үзэх гээд байгаа юм биш. Харин иргэд, сонгогчдын өмнө “Та бүхнийг сайн сайхан амьдруулна. Эрх ашгийг чинь хамгаална. Эрхзүйн харилцааг зөв болгож ажиллана” гэдэг үндсэн зарчим барьж ажиллаж байгаагийн хувьд энэ байр сууринаасаа буцахгүй.