Н.Цэрэнбат: Бидний ажлын үр дүнд иргэдийн хандлага өөрчлөгдсөн
2019.07.22

Н.Цэрэнбат: Бидний ажлын үр дүнд иргэдийн хандлага өөрчлөгдсөн

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбаттай “Цэвэрхэн наадацгаая” аяны үр дүнгийн талаар ярилцлаа.
-БОАЖЯ-наас “Цэвэрхэн наадацгаая” аяныг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.  Үр дүн ямар байсан бэ?
-“Цэвэрхэн наадацгаая” аяны хамрах хүрээ жил ирэх бүр нэмэгдэж байна. Энэ жилийн хувьд манай яамнаас долдугаар сарын 1-нээс эхлээд нөлөөллийн ажлыг эрчимтэй хийсэн. Урлаг, соёл, спортын салбарын олны танилууд “Цэвэрхэн наадацгаая” аянд нэгдэж, иргэдийг уриалсан. Мөн сэтгүүлчдийн дунд “Цэвэрхэн наадацгаая” нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарласан, дүнг нь наймдугаар сард танилцуулна. Аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газруудын дунд ч аяны цар хүрээг нэмэгдүүлэх тал дээр идэвхи зүтгэл гаргуулж ажиллуулах үүднээс болзолт уралдаан зарласан.
Манай яамны харьяа 21 аймгийн Сав, газрын захиргааны мэргэжилтнүүд, 33 тусгай хамгаалалттай газрын захиргааны байгаль хамгаалагч нар ч идэвхитэй ажиллаж байна. Тэд наадмын өмнө өөрсдийн хариуцсан нутаг дэвсгэрийн хогийг цэвэрлэж, иргэдэд цэвэрхэн наадах уриалга дэвшүүлсэн.
“Цэвэрхэн наадацгаая” аяны бас нэг гол үйл ажиллагаа нь Монголын оюутны холбоотой хамтарч 200 оюутныг байгаль хамгаалагчидтай хамтран ажиллуулсан явдал юм. Тэд наадмын таван өдөр Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Туул гол, Горхи-Тэрэлжид ажиллаж  үг, үйлдлээрээ үлгэрлэж, цэвэрхэн наадахыг уриалсан.
 Мөн оюутнууд маань 100 орчим тонн ил задгай хаясан хог цэвэрлэж, зориулалтын цэгт аваачин ачуулаад байна.
-Аяныг зохион байгуулахад хэдэн төгрөг зарцуулсан бэ?
-БОАЖЯ-наас иргэдэд экологийн боловсрол олгох, хандлагыг нь өөрчлөх зорилгоор хэд хэдэн аяныг уламжлал болгон зохион байгуулж байгаа. “Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад байгаль орчны боловсрол олгон “Ногоон паспорт”, уламжлалт сар шинийн баярыг угтаж уул, усаа бохирдуулахгүй зэрэг олон ажил зохион байгууллаа. Аянуудыг  Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн ажилтнууд хариуцаж байгаа.  Зориулалтын дагуу төсөл бичиж, олон улсын байгууллагуудад хандан санхүүжилтийн асуудлыг шийддэг гэдгийг энд дурьдах нь зүйтэй. Наадмын өдрүүдэд ажилласан оюутнуудын цалинг Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв өөрсдийнх нь данс руу шилжүүлдэг. Оюутнуудын уух ус, ундаа, тараасан хогны уутыг нь “АПУ” компани хариуцсан. “Юнител” компани хэрэглэгчдийнхээ гар утсанд мессеж илгээсэн, “Lada Mongolia” компани наадмын өдөр машинаар ухуулга сурталчилгаа хийсэн. Мөн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, 21 аймгийн Засаг даргын Тамгын газар, “Монгол наадам” цогцолбор, Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн, “Хоггүй Монгол” ТББ зэрэг төр, хувийн хэвшүүд бидний аяныг дэмжиж ажилласан. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэр дундаа телевизүүд маань ч “Цэвэрхэн наадацгаая” аяны уриалга видеог үнэ төлбөргүй нэвтрүүлсэнд баяртай байгаа. Бид бүхний хамтын ажиллагааны үр дүнд иргэдийн хандлага өөрчлөгдөж байгаа. Саяхан болж өнгөрсөн олон улсын хүүхдийн баярын дараа төв талбай ямар цэвэрхэн байгааг хэдэн жилийн өмнөхтэй харьцуулсан зураг нийгмийн сүлжээнд давалгаалж байсан нь үүний том жишээ шүү дээ.
-БОАЖЯ-наас жуулчдад зориулж “Naadam night” үйл ажиллагааг зохион байгуулсан нь энэ жилийн наадмын бас нэг онцлог байлаа. Жуулчдад зориулсан 30 ажлын төлөвлөгөө гаргасны нэг нь “Naadam night” уу?
-Тийм ээ. БОАЖЯ-наас 2020 он гэхэд Монголд жилд ирэх жуулчдын тоог нэг саяд хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ хүрээнд энэ жил жуулчдад зориулсан 30 үйл ажиллагаа зохион байгуулах төлөвлөгөө гаргасны нэг нь “Naadam night”. Үндэсний соёл амралтын хүрээлэнд долдугаар сарын 11-ний орой зохион байгуулсан шоунд гадаад, дотоодын 4000 гаруй жуулчин оролцсон нь анх удаагийнх гэхэд чамлахааргүй тоо байсан.
Монгол Улсад эх орноо төлөөлөн суух Элчин сайдуудаас эхлээд Монгол наадмыг үзэх зорилготой ирсэн үүргэвчтэй аялагч хүртэл байсан. Шоунд хүрэлцэн ирсэн хүмүүс сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж, жил бүр зохион байгуулахыг хүссэн. Уг шоуг Нийслэлийн БОАЖГ, Аялал жуучлалын холбоо дэмжин ажиллаж, Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс гардан зохион байгуулсан.
-Жуулчдад зориулсан үйл ажиллагаанаас товч дурдвал?
-Үндэсний их баяр наадмыг үзэж чадаагүй жуулчдыг сэтгэл гонсгор буцаахгүйн тулд “Торгоны зам” соёлын наадмыг Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран 16, 17, 18-нд Хархоринд зохион байгууллаа. Монгол, Орос, Хятад гурван улсын газар нутгаар дайрч өнгөрөх олон улсын “Торгоны зам” автораллиг амжилттай зохион байгуулсан. Мөсний баяр, бүргэдийн баяраас эхлээд элсний фестивал, Таван түмэн сарлагийн баяр, Цаатан фестивал, язгуур урлагийн олон улсын наадам, Айрагны фестивал, Ёохор наадам, уртын дуу дуулаачдын наадам зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна. Энэ бүх мэдээллийг жуулчдад зориулсан “Mongolia.travel” цахим хуудсаар дамжуулан дэлхий нийтэд түгээн ажиллаж байна.
-Монголд ирж буй жуулчдын тоо буурсан тухай мэдээлэл саяхан явж байсан. Энэ үнэн үү?
-Жуулчдын тоо буураагүй. Тухайлбал, 2017 онд монголд 470 гаруй мянган жуулчин ирж байсан бол 2018 онд 520 орчим мянган жуулчин ирсэн статистик мэдээлэл гарсан. Энэ тоог 2020 он гэхэд нэг саяд хүргэхийн тулд манай аялал жуулчлалын салбарынхан нэгдэн ажиллаж байгаа. Өнгөрсөн сард бид Монголд анх удаа зочлох үйлчилгээний салбарт есөн чиглэлээр 15 мянган иргэнийг хамруулсан сургалтыг орон даяар амжилттай зохион байгуулсан. Тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аялал жуулчлалын компаниудыг нүхэн жорлон ашиглахыг хориглосон шийдвэрийг 2017 онд гаргасны дагуу таван мянга орчим нүхэн жорлонг стандартын ариун цэврийн байгууламжаар сольсон. Түүнчлэн хаягжилтын асуудлыг сайжруулсан гээд бэлтгэл ажлаа бид хангаж байна.
Б.Намуунтамир