Ч.Улаан 2019.07.22 | МН25 ТВ

Дарьганга хийцийн мөнгөн эдлэлийн "Нандин өв" үзэсгэлэн гарлаа

Монгол Улсад орчин цагийн музей үүсгэн байгуулагдсаны 95 жил, Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейн түүхт 70 жилийн ойн хүрээнд тус музей Дарьганга мөнгөн урлалын сор болсон  чамин нарийн ур  хийц бүхий  мөнгөн эдлэлийн 200 орчим цуглуулга, ард иргэдэд хадгалагдаж буй 10 гаруй үзмэрээс бүрдсэн “Нандин өв” тусгай үзэсгэлэнг Монголын Үндэсний музейтэй хамтран олон нийтэд толилуулж байна. 

XIX зуунаас эдүгээ хүртэл Дарьганга нутгаас хэдэн арван алдартай уран дархчууд төрөн гарчээ. Эдгээрээс Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейн сан хөмрөгт Ласран, Д.Молом, Д.Дүйнхэр, Ш.Дондов, М.Сэнгэдоо, М.Балдан-Осор, М.Зундуй, Н.Содов, Н.Амартайван, Ш.Даваадорж, Б.Хүрэлбаатар зэрэг дарханы шилдэг бүтээлүүд хадгалагдаж, олны хүртээл болж байна. Дарьгангын алдарт дархан Ш.Дондовын урласан Дарьганга эхнэрийн толгойн гоёл ба Хотолбаярын урласан үзэмчин эхнэрийн толгойн гоёл Монгол Улсын “Хосгүй үнэт”  өвөөр бүртгэгдэн үзэгч олны мэлмийг мялааж байна.