У.Хүрэлсүх 2019.07.31 | Montsame.mn

"Боржигин-2019" наадам боллоо

"Боржигин-2019" наадам боллоо

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилготой “Боржигин-2019” наадам энэ сарын 26-28-нд Говьсүмбэр аймгийн Баянтал суманд боллоо.

Наадмын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газар, Улсын их хурлын гишүүд оролцлоо. БОАЖЯ, Говьсүмбэр аймгийн ЗДТГ-тай хамтран  зохион байгуулсан  “Боржигин-2019” өв соёлын наадамд таван аймгийн 12 сумын 280 гаруй соёлын биет болон биет бус өв өвлөн тээгчид оролцсон юм. Наадмын үеэр Боржигин түмний өв соёл, зан заншил, ёс уламжллыг харуулсан “Боржигин” хүрээг үүсгэн, 12 сумын өв соёлын тоглолт, боржигин морин хуур, эмээл, байшин зэргийг наадамчин олон болон жуулчдад сонирхуулжээ. Үүнээс Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын “Боржигин найрын дэг, ёс жаяг” тэргүүн байр эзэлж, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын “Боржигины хуримлах ёс” дэд байр, Дундговь аймгийн Баянжаргалан сумын “Шагайн харваа, шагайн наадгайн зан үйл” гутгаар байрыг тус тус эзэлсэн байна.

undefined

“Боржигин” наадмыг 1994 оноос эхлэн дөрвөн жил тутам зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил долоо дахь удаагаа болсон юм. Уг наадам соёлын аялал жуулчлалыг хөгжүүлж, гадаад, дотоодын жуулчдад Монголын түүх, соёлыг сурталчлахаас гадна орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчлалыг дагасан худалдаа үйлчилгээг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Говьсүмбэр аймгийн 25 жилийн ой, Төвийн бүсийн хурдан морьдын уралдаантай давхацсан  “Боржигин-2019” наадмыг үзэж сонирхохоор 12 мянга орчим хүн цугласан бөгөөд наадмын талбай эмх цэгцтэй, хог хаягдалгүй байсныг наадамчин олон онцолжээ.