Б.Дэлгэрсайхан 2019.07.31 | Өглөөний сонин

Нар хур тэгширсэн Дорноговийн наадам

Нар хур тэгширсэн Дорноговийн наадам

Эх сурвалж: Өглөөнийн сонин, Сэтгүүлч М.Тэнүүн

Догшин хутагт Д.Данзанравжаагийн авшигтай Дорноговь аймаг байгуулагдсаны 88, Сайншанд сум байгуулагдсаны 58 жилийн баяр наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Аймаг орон нутгийн наадам нь хурдан морио уралдуулж, хүчит бөхчүүдээ барилдуулан, эрхий мэргэн харваачид нь цэц мэргэнээ сорин баярладаг.

Нэг талаар тухайн жилийнхээ ажил үйлсийг тайлагнаж, ажил үйлс, авьяас билгээрээ шалгарсан хүмүүсээ Төрийн дээд одон шагналаар шагнадаг билээ. Энэ утгаараа Дорноговь энэ жил маш олон бүтээн байгуулалт эхлүүлсэн аймгийн тоонд зүй ёсоор орно. Мөнхүү энэ жил Монгол Улсын Шилдэг аймгаар шалгарсан гээд баярлах шалтгаан олон бий.


Тус айм­гийн Алтан­ширээ сумын нутагт Газрын тос нэрэх үйлдвэр баригдаж, төмөр замаа ашиглалтад оруулсан бол Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлсэн нь улсын хэмжээний томоохон бүтээн байгуулалт юм. Түүнчлэн мал сүргээ таван төрөл дээр өсгөж, аймгийн төвд бүтээн байгуулалтын томоохон ажлууд хийгдэж байгааг ч дурдах нь зүйн хэрэг. Ийнхүү ажил амжилт арвинтай аймгийн наадмыг Засаг дарга Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн нутгийн зөвлөлийн дарга Б.Дэлгэрсайхан нар нээлээ. Аймгийн наадмыг нээж Монгол Улсын Морин хуурын чуулга аугаа их Б.Шаравын “Сэрсэн тал”-аар эгшиглүүлэн нээлээ. Нээлтэд “Саранхөхөө” театрын уран бүтээлчид, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцсоноос гадна Соёлын тэргүүний ажилтан, дуучин Э.Төрмандах зэрэг уран бүтээлчид ая дуугаа өргөсөн юм. Мөнхүү Дорноговь аймгийн Мандах сумын уугуул Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Б.Чулуунцэцэг, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр нарын шинэхэн уран бүтээл “Дорноговийн магтаал” дууг “Саран хөхөө” театрын дуучид дуулсан нь баяр наадмын нээлтийн нэгэн онцлог зүйл байв.

Дорноговь аймгийг аж үйлдвэрийн бүс нутаг болон хөгжих ирээдүйтэй хэмээн үздэг. Тийм ч учраас наадмын нээлтэд төмөр зам, газрын тос боловсруулах үйлдвэр, нар салхины цахилгаан станц зэрэг томоохон бүтээн байгуулалтын үйл явдлыг үзүүлбэр болгон харуулсан нь онцлог байлаа. Мөн монгол хүн гэр бүл болж, гал голомтоо бадраан, улс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж буй байдлыг дүрслэн үзүүлсэн нь наадамчдын сонирхол татав. Дашрамд дурдахад Морин хуурын чуулгыг удирдаж асан Ардын жүжигчин С.Батчулууны хөшөөг төрсөн нутаг Мандах суманд нь босгож, энэхүү хөшөөний нээлтэд Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож ийнхүү аймгийн наадмыг таширлуулсан хэрэг.

Алтанширээ сум азарганы түрүү авлаа

Түмэн эх, сүргийн манлай азарганы уралдаанд 60 орчим азарга уралдсанаас түрүү магнайд Алтанширээ сумын Аймгийн алдарт уяач М.Ууганбаярын сартай зээрд түрүүлж торгон жолоо өргүүллээ.

Энэ хүрэн азарга сум бүс аймгийн наадамд олон удаа айраг түрүү хүртсэн хурдан буян төдийгүй улсын наадамд хоёр ч удаа уралдаад буй азарга юм. Харин аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Онгон сумын уяач Г.Энхбаатарын хонгор, айргийн гуравт Мандах сумын уяач М.Мөнх-Эрдэнийн будан, айргийн дөрөвт Улаанбадрах сумын уяач Ж.Баттулгын бор, айргийн тавд Айраг сумын уяач Г.Батсугарын хээр азарга хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, цугласан олныг баярлууллаа.

Баяр наадмын их насанд 80 морь уралдааны замд гарснаас түрүү магнайд Өргөн сумын уяач Ж.Сүхбаатарын хонгор морь, аман хүзүүнд Сайншанд сумын уяач Ч.Ганхуягийн зээрд халзан морь, айргийн гуравт Сайхандулаан сумын уяач О.Ганхуягийн зээрд морь, айргийн дөрөвт Айраг сумын З.Мөнгөнболдын зээрд морь, айргийн тавд Өргөн сумын уяач Ч.Наранбаатарын саарал морь хурдаллаа. Баяр наадмын хөлд дарагддаг уралдаан бол соёолон насны морьд. Энэхүү насанд 52 хурдан хүлэг уралдааны замд гарсанаас Сайншанд сумын уяач С.Отгонбатын зээрд морь түрүүлж, Сайншанд сумын уяач Н.Эрдэнэтөгсийн хонгор морь аман хүзүүдэж, айргийн гуравт Улаанбадрах сумын Т.Алтансүхийн бор морь, айргийн дөрөвт Айраг сумын уяач Т.Ганхуягийн зээрд морь, айргийн тавд Дэлгэрэх сумын уяач н.Эрдэнэбаатарын зээрд морь хурдаллаа.

Хэнтий аймгаас хязаалангийн түрүү авав

Хязаалан насны уралдаанд 49 хурдан хүлэг уралдсанаас Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын уяач Ш.Гомбын зээрд морь түрүүлж, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Ч.Ганбаатаын халтар морь аман хүзүүдэж, айргийн гуравт Сүхбаатар аймгийн Онгон сумын уяач Г.Ганбаатарын хар алаг морь, айргийн дөрөвт Төв аймгийн Баянцагаан сумын уяач Б.Мягмарсүрэнгийн зээрд халзан морь,айргийн тавд Сайхандулаан сумын уяач Х.Цэнгүүний зээрд морь тус тус хурдаллаа.

Шүдлэн насны уралдаанд 65 хурдан хүлэг уралдсанаас Сайхандулаан сумын Х.Мөнхбатын хул морь түрүүлж, Сайншанд сумын уяачТ.Энхтүвшингийн хул морь аман хүзүүдэж, айргийн гуравт Айраг сумын уяач Б.Баярцолмонгийн хонгор морь, айргийн дөрөвт Сайншанд сумын Г.Баяболдын цоохор морь, айргийн тавд Иххэт сумын уяач Т.Мөнхбатын зээрд халзан морь хурдаллаа.

Дааганы уралдаанд 51 хүлэг уралдсанаас түрүү магнайд Сайншанд сумын уяач В.Доржийн сартай зээрд даага хурдалж, Сайншанд сумын уяач А.Шижирбаатарын хул аман хүзүүдэж, айргийн гуравт, Өргөн сумын уяач Ч.Түвшинтөрийн хонгор, айргийн дөрөвт Сайхандулаан сумын уяач Д.Эрдэнэ-Олдохын хүрэн, айргийн тавд Говьсүмбэр аймгийн уяач Л.Амаржаргалын хонгор хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, цугласан олныг баярлуулсан юм.

Аймгийн арслан Б.Суманчулуун хоёр дахиа түрүүлж чимэг нэмлээ

Баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой 256 бөх уран мэх хүч чадал, авхаалж самбаагаа сорин барилдлаа. Хүчит бөхийн барилдаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн харьяат Аймгийн арслан Б.Суманчулуун түрүүлж Аймгийн хурц арслан чимэг, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат Аймгийн начин Б.Бат-Эрдэнэ үзүүрлэж Аймгийн заан цол, их шөвөгт Дорноговь аймгийн Айраг сумын харьяат Сумын заан Б.Бадрал, Увс аймгийн Түргэн сумын харьяат Сумын заан Д.Нямсамбуу нар шалгарч Аймгийн харцага цол тус тус хүртлээ. Харин Дорноговь аймгийн Мандах сумын харьяат Ч.Баатарчулуун, Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат У.Гантөмөр, Өмнөговь аймгийн Булган сумын харьяат Д.Хосбаяр, Дорноговь аймгийн Айраг сумын харьяат Б.Батзориг нар тав даван шөвгөрч Аймгийн начин цол хүртэв.

Айраг сумын харваачид мэргэн байв

Баяр наадмын шагайн харвааны тэмцээнийг амжилттай зохион байгуулахад зориулж аймгийн Засаг даргын зүгээс хоёр сая төгрөг төсөвлөж өгсөн байна. Ийнхүү шагайн харвааны тэмцээнд ахмадын найм, залуучуудын 20 гаруй багийн харваачид оролцож, цэц мэргэнээ сорилоо.

Хоёр өдөр цэц мэргэнээ сорьсны эцэст н.Сайнзаяа ахлагчтай Хар-Айраг сумын баг тэргүүлж, хоёрдугаар байранд Л.Алтангэрэл ахлагчтай Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрын баг, гуравдугаар байранд н.Дүүрэнбаяр ахлагчтай “Жи энержи”-ийн баг, тусгай байранд н.Лутбаяр ахлагчтай Улаанбадрах сумын баг орлоо. 

Шагналын хур бууж 108 эрхэмийг урамшуулав

Ажил үйлсээ дүгнэж, амжилт бүтээлээ бататгасан баярын хурал хийлээ. Энэ үеэр ажил үйлс авьяас билгээрээ шалгарсан эрхэмүүдийг шагнаж урамшуулсан юм. Хуралд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Засаг дарга Т.Энхтүвшин, аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганзориг, Сайншанд сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч С.Одбаяр нар оролцож нийтэд баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Ийнхүү Засаг даргын өргөмжлөлөөс эхлээд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртэл 108 шагнал гардуулсан. Тухайлбал, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Сайншанд сумын ахмад настан С.Банзрагч, Д.Сосорбурам, А.Бямбаа, Г.Цэвэгжав, Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Д.Зоригоо, Замын-Үүд сумын “Цэгц тур” ХХК-ийн захирал  Ү.Сангидорж, Замын-Үүд сумын ахмад настан Т.Сарангэрэл, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин,  Будын “Эвийн гэрээ” ХХК-ийн захирал Б.Энхтайван, Айраг сумын иргэн Т.Дашцэрэн нарыг шагнав. “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Сайншанд сумын ахмад настан Ш.Батмөнх, Замын-Үүд сумын цагдаагийн хэлтсийн мэргэжилтэн Д.Болормаа, “Цэргийн гавьяаны одон”-гоор Сайншанд сумын ахмад настан Ш.Бат-Эрдэнэ, А.Санжаасүрэн, Д.Эрдэнэбат, Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн дарга У.Намхайбуд, Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн дарга С.Тэгшжаргал нар шагнуулав. Харин “Алтан гадас одон”-гоор Ц.Самданшарав, Д.Алтанцэцэг, Ю.Банди, Н.Бадамжамц нарын нийт 48 иргэнийг,  “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар А.Сашка, Д.Явдорж, Б.Даваажав нарын 27 иргэнийг, “Цэргийн хүндэт медаль”-иар хоёр иргэнийг тус тус шагнасан юм.