Зам тээврийн хөгжлийн сайд бүтээн байгуулалтын талбарт ажиллав
2019.08.01

Зам тээврийн хөгжлийн сайд бүтээн байгуулалтын талбарт ажиллав

УИХ, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнгөрсөн амралтын өдрүүдэд авто болон төмөр замын салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлуудтай газар дээр нь танилцаж, тодорхой үүрэг чиглэлийг өгөв.

Тэрбээр 7 дугаар сарын 13-15-нд Улаанбаатар-Дархан, 7 дугаар сарын 20-21-нд Улаанбаатар-Налайхын авто замууд, 7 дугаар сарын 26-28-нд Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн талбар дээр ажиллалаа.

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204,11 километр авто замын засвар шинэчлэлтийн ажлын явц 2 дугаар багц буюу Хар модотын даваанаас Урьхан хүртэлх 45,5 километр, 4 дүгээр багц буюу Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45,08 километр зам барилгын ажлууд удаашралтай, графикт хугацаанаас хоцрогдолтой явагдаж байгааг хатуу анхааруулж, шаардлагатай тохиолдолд гэрээний хэрэгжилтийг дүгнэн, цуцлах хүртэл арга хэмжээ авахыг төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн захирлуудад санууллаа. Төслийн нийт нэгжид ажлаа улам эрчимжүүлэх, ажлын төлөвлөгөө графикт мэдээгээ өдөр бүр мэдээлж, шуурхай ажиллахыг үүрэг болгов.

Дарханы замын трасс бор шороон хөрс ихтэй тул бороо хур их орж байгаа энэ зуны нөхцөлд түр зам урсах, халтиргаа гулгаа үүсэх, шавар ус ихээр хуралдах зэргээр ажлын явцыг удаашруулах, хөдөлгөөний аюулгүй байдалд хүндрэл учруулах нөхцөл байдал үүсч байгааг сануулаад, зарим хэсгийн ажлыг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулах, хүн хүч, техник хэрэгслээ нэмж, 24 цагаар ээлж гарган цаг хожиж, шуурхай ажиллах шаардлага хэрэгцээ байгааг анхаарууллаа.

Түүнчлэн уг ажлыг хариуцсан төслийн нэгжийн удирдлагад шууд хяналт тавьж ажиллах үүрэг бүхий яамны зарим газар хэлтсийн дарга нарт сахилгын арга хэмжээ тооцох болсноо мэдэгдэв.

Гачууртаас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 километр 4 эгнээ авто замын барилгын ажил одоогоор 34,74 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа хэдий ч энэ нь графикт хугацаанаас 8 хувийн хоцрогдолтой байгаа юм. Тиймээс ажлын талбар дээр хүн хүч, техник хэрэгслээ нэмж оруулах, 2 ээлжээр 24 цагаар ажиллаж, хоцрогдлыг бүрэн арилгах, түр замаа хусах, услах ажлыг тогтмол хийж байхыг анхаарууллаа. Түүнчлэн ажил цалгардуулж байгаа төслийн нэгжийн гадаад мэргэжилтнийг солих, явуулын оффис гаргаж, газар дээр нь ажиллаж байхыг нийслэлийн авто замын газарт үүрэг чиглэл болгов. Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол-Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан бүтээн байгуулалтын нэг том төсөл тул төлөвлөгөөт хугацаандаа, чанартай, олон улсын стандарт шаардлагад нийцсэн жишиг зам болох ёстойг ажил хариуцаж буй бүх нэгжид санууллаа.