Н.Энхболд 2019.08.02 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Тамирчдыг хиймэл дагуулаар дамжуулан хянана

Тамирчдыг хиймэл дагуулаар дамжуулан хянана

"Аравт" олон улсын морин цэргийн уралдааны Холбоо, хяналтын систем зохион байгуулах бүлгийнхэн уралдааны холбоо, хяналтыг тасралтгүй, чанартай явуулахын төлөө олон шинэ санаачилгыг дэвшүүлэн, түүнийгээ ажил хэрэг болгож байна.

Нөгөө талаасаа ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас "Олон улсын цэргийн наадам"-ын төрлийг өөрийн нутагт зохион байгуулагч орнуудад гурван шаардлага тавьсан байна.

Нэгдүгээрт, шүүгчдийн бүрэлдэхүүний ажиллах нөхцөлийг хангаж, дэмжлэг үзүүлэх. Үүнд шүүгчид болон үзэгчид тамирчдын үүрэг гүйцэтгэлийг дэлгэцээр шууд харж байх ёстой бөгөөд энэ нь ямар нэгэн маргаан гарсан тохиолдолд асуудлыг нэг тийш нь шийдэхэд чухал нөлөөтэй.

Хоёрдугаарт, уралдаан зохион байгуулах төв хороотой интернэтээр шууд холбогдож, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажиллах нөхцөлийг бүрэн хангаж өгөх. Гуравдугаарт, тамирчдын аюулгүй байдлыг хангах гэсэн гурван шаардлага тавьжээ. Тэгвэл манай цэргийн холбооныхон дээрх шаардлагуудыг бүрэн хангасан байна.

Тэр дундаас шинэлэг санаа нь яахын аргагүй тамирчдын аюулгүй байдлыг хангах, хаана явааг нь хянах хүрээнд баг бүрт GPS суулгах юм. Ингэснээр хиймэл дагуулаас тухайн баг тамирчдыг хаана явж байгааг 24 цагийн туршид хянах боломжтой болж байгаа юм.