Н.Энхболд 2019.08.02

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын 2-3 дугаар давхаргын ажил өрнөж байна

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын 2-3 дугаар давхаргын ажил өрнөж байна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Дорноговь аймагт ажиллаж Зэвсэгт хүчний төмөр замын 7781, замын 7780 дугаар ангиудын ажлын явцтай өнөөдөр танилцлаа.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын суурь бүтцийг угсрах, доод бүтцийг барих ажлыг Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн хийхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Зэвсэгт хүчнээс 7781 төмөр замын ангийг байгуулж, өнгөрсөн тавдугаар сарын 24-нд Дорноговь аймгийн Мандах сумын нутаг буюу 200-280 км хүртэл батлагдсан зураг, төсвийн дагуу хийж эхэлсэн юм.

Өнөөдрийн байдлаар, 7781 дугаар анги техник хэрэгсэл, хүн хүч бүрэн хангагдсан ажил жигдэрсэн  байна. Трассаа бүрэн сэргээж 7 км замын эхний үе бүрэн дуусч 2-3 дугаар давхаргын ажил хийгдэж байна. Туслах замаа тавьж, шороон ордоо нээсэн гээд энд төмөр замын ажил ид өрнөж байна. Зэвсэгт хүчний 7781 дугаар ангийн ажлын явц сайн байгаа, технологийн хувьд ямар нэг алдаа гараагүй гэдгийг захиалагч “Монголын төмөрзам” ХК-ийн хяналтын инженерүүд хэлж байлаа.

Сайд Н.Энхболд төмөр замын ажилтай танилцаж шийдвэрлэх шаардалгатай зарим асуудлыг газар дээр шийдэж, албан хаагчдын эрүүл мэнд нийгмийн асуудалд зэвсэгт хүчний бие брэлдэхүүн анхаарал тавин ажиллаж буйг хэллээ.