Ганхуяг.Б 2019.08.06 | News.mn

Тавантолгой IPO гаргах охин компанитай болжээ

Тавантолгой IPO гаргах охин компанитай болжээ

Засгийн газраас  “Эрдэнэс Тавантолгой” компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай 279-р тогтоолыг баталсан. Энэ тогтоолд Тавантолгойн ордын Зүүн цанхийн хэсгийг эзэмшиж, түүнийхээ 30 хувийг гадаад зах зээлд IPO гаргах эрх мэдэл бүхий охин компани байгуулахаар тусгасан байна.

УИХ-аас “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржид нээлттэй арилжаалах шийдвэр гаргаж, тогтоолын төслийг батлаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд IPO ямар хөрөнгийн бирж дээр гаргах, цаашид ямар арга хэмжээ авах гээд олон жил хийгдэж байгаагийн нэг нь энэхүү охин компани байгуулах юм байна. Олон улсын жишгийн дагуу IPO хийх компани нь олон улсын стандартын дагуу, ямар хэмжээнд, ямар үйл ажиллагаа явуулах зэрэг бүрэн эрх мэдэл бүхий компани байх аж. Ингэхдээ “Эрдэнэс Тавантолгой” компани 70 хувиа өөрөө эзэмшиж, охин компани нь 30 хувийг эзэмших бус хөрөнгийн биржид гадаадын хөрөнгө оруулагчдад санал болгох зуучлалын үүрэг гүйцэтгэх компани байхаар зохион байгуулахыг Д.Сумъяабазар сайдад даалгажээ.

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар  өмнө нь энэ талаар тайлбарлахдаа,  “Одоо байгаа компаниараа хөрөнгийн бирж дээр гарна гэхээр зургаан орд дээр найман тусгай зөвшөөрөл байгаа. Түүний хоёр тусгай зөвшөөрөлтэй орд буюу баруун, зүүн Цанхид үйлдвэрлэлийн нөөцүүдээ тооцоолоод ТЭЗҮ-ээ үндэслэн олборлолт хийж байна. Бусад ордууд хайгуул дахин хийх, нөөцийг дахин баталгаажуулах шаардлагатай. Тэгэхгүйгээр бөөнөөр нь хөрөнгийн бирж дээр гаргах нь эрсдэлтэй. Тийм учраас баруун, зүүн Цанхийн аль нэг нь охин компани хэлбэрт орж байж хөрөнгийн биржид гаргах нь зүйтэй хэмээн салбарын сайдын хувьд үзэж байгаа. Нэг дор бөөнөөр нь гаргах уу эсвэл нөөцөө өсгөөд хөрөнгийн үнэлгээгээ үе шаттай хийгээд явах уу гэдэг дээр зөвлөлдсөн. Нийт найман тусгай зөвшөөрлийнхөө биш зөвхөн зүүн Цанхийн 30 хувийг хөрөнгийн бирж дээр гаргах байр сууриа Засгийн газарт танилцуулсан. Энэ асуудлыг дахин хэлэлцэж шийдэхээр болсон. Охин компани байгуулах асуудлыг 2018 оны ЭТТ компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулаад зөвшөөрлөө авчихсан. Одоо Засгийн газрын шийдвэр гаргуулахаар ажиллаж байна” гэжээ.

Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувийг зах зээл дээр гаргах ажлыг эрчимжүүлэх үүднээс охин компани байгуулж, түүний бүтэц удирдлагыг яаралтай томилохыг салбарын сайдад нь үүрэг болгоод буй. Тус охин компанийг хэн удирдах, үйл ажиллагаа хэзээнээс эхлэх талаар одоогоор ямар нэг шийдвэр гараагүй ч Х.Наранхүү томилогдож магадгүй гэсэн бор шувуу зарим хэвлэлээр явж буй. Гэвч албаныхны хэлснээр албан ёсоор ТУЗ-аас IPO гаргах охин компанийн удирдлагыг томилоогүй гэдгийг хэллээ.

Ш.ОЧ