Баасанхүү.О 2019.08.06 | News.mn

О.Баасанхүү: ЖДҮХС-аас авсан зээлийн 2,3 тэрбум олдохгүй байна

О.Баасанхүү: ЖДҮХС-аас авсан зээлийн 2,3 тэрбум олдохгүй байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуулийн байгууллагын удирдлагад ЖДҮХС-аас зээл авсан гишүүдтэй холбоотой хэргийн мөрдөн шалгалтын ажил ямар шатандаа яваа талаар мэдээлэл ирүүлэх хүсэлт илгээжээ. Харин хуулийн байгууллагаас энэ хэрэгтэй холбоотой хариу ирсэн байна. Энэ талаар түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Ерөнхий прокурор, АТГ-ын удирдлагуудад ямар хүсэлт гаргаж, ямар хариу ирэв. Та олон нийтийн сүлжээнд бас тодорхой байр сууриа илэрхийлсэн байна лээ?

-Миний бие 2019 оны долдугаар сарын 24-ний өдөр Ерөнхий прокурор, АТГ-ын дарга нарт хаягласан албан бичиг хүргүүлж, хуулийн байгууллагын удирдлага томилогдоод удаагүй ч шалгагдаж байгаа ЖДҮХС-аас зээл авсан хэргийг хурдан шийдвэрлэх,  хэргийн явц ямар байгаа талаар мэдээлэл ирүүлэхийг хүссэн хүсэлтийн хариуг наймдугаар сарын 1-ний өдөр ирүүлсэн. Хоёр байгууллагаас ирүүлсэн бичгийн утга ер нь бол ойролцоо.

ЖДҮХС-тай холбоотой нийт 114 хэрэгт хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд 2016 оноос өмнөхийг ЦЕГ, 2016 оноос хойших асуудлыг АТГ, ЦЕГ хамтран ажлын хэсэг байгуулж шалгасан байсан. Шалгалтын хүрээнд 38,2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан байсан нь тогтоогдсон байгаа юм. Өөрөөр хэлбэл, тодорхой төсөл боловсруулж, хийнэ гэж зээл авсан ч зориулалтын бусаар ашигласан байгаа юм.

38,2 тэрбум төгрөгөөс мөрдөн шалгалтын явцад 3,2 тэрбум төгрөгийн нөхөн төлүүлсэн,  20 аж ахуй нэгжийн дансыг битүүмжилсэн, 2,3 тэрбум төгрөгийн зарцуулалт тодорхойгүй байгаа юм байна. 2,3 тэрбум төгрөг хаачсан нь тодорхойгүй байна гэж байна. Өнөөдрийн байдлаар мөрдөн байцаалтын шатнаас гадна 41 удаагийн зээлээ төлөх бичиг хүргүүлсний дүнд 8 тэрбум төгрөгийг төлүүлсэн байна.

-Зээл авсан компаниуд дотор ББСБ-ийн болон ломбард зэрэг хүүг нь өсгөж, эргэлдүүлсэн хэрэг хэд байсан юм бэ?

-Зээл авсан хүмүүс дунд ломбард, банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршоотой нийт 34 байгууллага байсан байна. 34 дотор 11 нь албан тушаалтантай хамааралтай байсан байгаа юм. Албан тушаалтантай холбоотой гэдэг нь манай УИХ-ын гишүүдтэй гэсэн үг. Эдгээрийн мөнгө угаасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн эсэхийг шалгахад найман үйлдэл тогтоогдсон байгаа гэж байна. Өндөр хүүтэй хадгаламж руу мөнгөө оруулж хүүлсэн найман үйлдэл гэсэн үг. Анх хэвлэл мэдээллээр мэдээлэл гарахад 49 гишүүн өөрийн болон хамаарал бүхий этгээддээ зээл авсан гэсэн. Энэ

гишүүд өөрийн аж ахуй нэгжид зээл авсан, өөр бусдад зээл авахад зуучилсны төлбөрт хахууль авсан,  бага хүүтэй хүүг банк бус, ломбардаар дамжуулж 30 хувийн хүүтэйгээр бусдад зээлсэн, ямар ч төсөлгүйгээр мөнгө авсан гэсэн ийм төрлүүдээр авсан байгаа юм.

-Мөнгө угаасан байж болзошгүй найман үйлдэлд ямар хүмүүс холбоотой байсан юм бол. УИХ-ын гишүүд бол та нэрлээч?

-Би тэрийг мэдэхгүй байна. Хэрэг шүүхээр шийдэгдээгүй учраас дэлгэрэнгүй мэдээллийг надад өгөөгүй. Нийт 216 аж ахуй нэгж шалгаж, 21 газарт нэгжлэг хийж, 586 иргэнээс гэрчийн мэдүүлэг авсан байгаа юм. 49 гишүүн ямар компанитай, ямар нэрээр авсан гэдэг нь нийтэд ил болсон шүү дээ.

-Хуулийн байгууллага энэ хэргийг шалгаж байна гэхээс өөр тайлбар өгөхгүй өнөөдрийг хүрч байна. Танд ирсэн бичигт илүү тодорхой зүйл байна уу?

– Хэргийг шалгахад ХХААХҮ-ийн сайд байсан Б.Батзоригийн хэргийг тусгаарлаж, бусад гишүүдийн  хэргийг нь тусгаарлаж, шалгаж байгаа юм. Угтаа бол хэргийг хэрэгт холбогдогч олдохгүй байх эсвэл энэ хэрэг нь өөр өөр үйлдэлтэй үед хэргийг тусгаарлаж шалгадаг. Гэтэл УИХ-ын гишүүд учраас тусгаарлаж шалгаж болохгүй. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Тусгаарлаж байгаа нь улс төрийн зорилгоор гэж харж байна. Үнэн хэрэгтээ Б.Батзориг буруугүй, намын даалгавар биелүүлсэн хүн шүү дээ. Намын удирдлагатайгаа хамт нийлээд нэг ижил дүнтэй мөнгө авсан байгааг нь харахаар Б.Батзориг бол намын даалгавар биелүүлсэн байгаа юм. Эд нар ЖДҮ-ийн хэргээ хөөн хэлэлцэхийг нь хүлээж байгаад сонгуулийн өмнө Б.Батзоригоор туг тахих гэж байна гэж харж байна.

-Прокурорын байгууллагаас гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх санал оруулж ирэх болов уу?

-Оруулахгүй байх аа. Манай Ерөнхий прокурор их завгүй байгаа шүү дээ. Хуулийн байгууллага чанга дугарах ч эрхгүй байгаа энэ үед чадахгүй байх. Чаддаг бол одоо оруулаад ирж болно шүү дээ.

Ш.ЧИМЭГ