Монгол Улс Коосэн загварын сургуулиудыг нэмж байгуулна
2019.08.07

Монгол Улс Коосэн загварын сургуулиудыг нэмж байгуулна

Монгол улс болон Япон улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд Аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийн эрэлтийг богино хугацаанд хангах, аж үйлдвэрийн салбарын хөгжлийн тэргүүн эгнээнд зогсох инженер, технологийн өндөр мэдлэг, практик дадлага туршлагатай хүний нөөцийг бэлтгэх зорилгоор Япон Улсын Коосэн сургуулиудтай хамтран Коосэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Оюутнуудыг Япон Улсын Коосэн сургуулийн 3 дугаар курсээс шилжүүлэн суралцуулахын тулд Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль дээр 1.5 жилийн бэлтгэл сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

Бэлтгэл сургалтын хөтөлбөрт эхний 1 улирал дээд боловсролын суурь хичээл болон Япон хэлний хичээл орно. Хөтөлбөрийн төгсгөл үе буюу 2 улирал хичээллэсний дараа оюутнууд:

  • Механик
  • Цахилгаан, электроник
  • Мэдээллийн систем
  • Хүрээлэн буй орчин
  • Барилга,
  • Архитектур мэргэжлээс сонгон цааш суралцдаг юм.

Төслийн хэрэгжилтийн хугацаанд 200 оюутныг Коосэн хөтөлбөрт суралцуулахаар төлөвлөсний хүрээнд өнөөдрийн байдлаар 25 оюутан төгсөж, 88 оюутан Япон улсад 27 Коосэн сургуульд суралцаж, бэлтгэл хөтөлбөрийн 1-2р дамжаанд мөн 45 оюутан суралцаж байна. Төгсөгчид 100% ажлын байраар хангагддаг гэж Японы Коосэн нийгэмлэгийн удирдлагууд танилцуулж байна.

Цаашид Монгол Улсад энэ загварын сургуулиуд нэмж байгуулах, одоо байгаа сургуулиудаа бэхжүүлэх, өргөжүүлэх талаар БСШУС-ын сайдп болон Япон улсын төлөөлөгчид ярилцлаа.

Токиогийн технологийн коллежид 3 монгол оюутан суралцаж байна. 5-р курсийн оюутан Б.Бат-Эрдэнэ маш сайн суралцагч гэж багш нар нь магтаж байлаа. Тэрээр Хэнтий аймаг Чингис хотын 4- р сургуулиас 2017 онд Японд 1000 инженер төсөлд хамрагдаж, Японы Үндэсний Технологийн сургуульд, Мэдээлэл Технологийн чиглэлээр сурч төгсөх гэж байгаа юм. Б.Бат-Эрдэнэ төгсөөд Монголдоо очиж ажиллах бодолтой байгаагаа хэлж байлаа.