С.Чинзориг 2019.08.08 | Vip76.mn

Хүчит арслангийн хүрэл хөшөө сүндэрлэв

Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ эр бяраа гайхуулан дэвж, ард түмнээ баясгасан олон хүчтэн Өвөрхангай аймгаас төрсөн байдаг. Тэдний нэг бол Улсын арслан, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Бандийн Ганбаатар юм. Б.Ганбаатар арслангийн хүрэл хөшөөг түүний төрсөн нутаг Баян-Өндөр суманд, шинэ баригдсан Спорт заалны өмнө босголоо.

Хөшөөний нээлтийг энэ сарын 4-нд Спорт заалны тууз хайчлах ёслолтой хамтад нь хийсэн бөгөөд хур багатай гандуу зуссан Баян-Өндөрт энэ өдөр бороо орж жинхэнэ утгаараа нар хур тэгшрэн түмний сэтгэлийг баясгалаа. 

Б.Ганбаатар арслан энэ жил 60 нас хүрч буй юм. Тэрбээр 1980 онд Улсын начин, 1985 онд Улсын баяр наадамд 9 давж түрүүлэн арслан цол хүртсэн төдийгүй самбо, жудо бөхөөр улс, олон улсын тэмцээнээс 40 гаруй медальтай. “Алдар” спорт хороонд дасгалжуулагчаар ажиллаж бөхийн спортоор нэрээ дуурсгасан олон шавь төрүүлснийг нь үнэлж 2009 онд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол хүртээсэн юм.

Арслангийн хүрэл хөшөөг босгох ажлыг “Бумбат” бөхийн дэвжээ, Баян-Өндөр сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл санаачлан зохион байгуулсан бөгөөд цогцолбор маягаар уран барималч Санчирболд урласан.

Шинэ Спорт заалны өмнө босгосон хөшөөт цогцолборын нээлтийн ёслолд арслан Ганбаатар гэр бүл, ах дүүс, үр хүүхдийн хамт ирж, түүний хадам Улсын заан Булганы Д.Лхагвасүрэн, шавь нараас нь Улсын арслан Д.Ганхуяг, Улсын гарьд И.Доржсамбуу, Улсын заан Т.Санчир, Улсын начин С.Мандах, Б.Цэдэнсодном нарын бөхчүүд, мөн Баян-Өндөрөөс төрсөн алдартнууд олноор оролцож энэ эрхэм хүнд хүндэтгэл илэрхийлсэн төдийгүй хүчит 64 бөхийн барилдаан, хурдан морины хоёр насны уралдаан зохион байгуулсан.

Баян-Өндөрийн Спорт заалыг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Улсын арслан Бандийн Ганбаатарын нэрэмжит болгох шийдвэрийг Өвөрхангай аймгийн ИТХ гаргасныг нээлтийн ёслолын үеэр аймгийн Засаг дарга Г.Ганболд дуулгалаа.