Н.Цэрэнбат 2019.08.08 | Montsame.mn

“Ойрад түмэн-2019” олон улсын язгуур соёл, урлагийн их наадам боллоо

“Ойрад түмэн-2019” олон улсын язгуур соёл, урлагийн их наадам боллоо

Монгол Улсаа сурталчлах зорилго бүхий “Ойрад-Түмэн 2019" олон улсын язгуур соёл, урлагийн их наадам энэ сарын 6-наас 7-нд Түргэн суманд боллоо.

Язгуур урлаг, өв соёлоо сэргээн хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой соёлын солилцооны дээрх арга хэмжээнд  эсгий туургатны олон зуун жилийн туршид өвлөж ирсэн хөөмий, бий биелгээ, икэл, товшуур, тууль хайлах зэрэг язгуур урлаг болон соёлын бүх төрлүүдийг өвлөгч, уламжлагч нар оролцсон юм. 

Соёл урлагийн наадам "Онцын Тасархай" компанийн "Оршин Тогтнохуй" жуулчны баазад 14 дахь удаагаа болсон бөгөөд наадмын нээлтэд УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ОХУ-ын Төрийн Думын гишүүн Батор Канурович Адучиев, ОХУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Джеваков Мерген Владимирович тэргүүтэй хүндэт зочид төлөөлөгчид урилгаар оролцсон.

Язгуур соёлын өв тээгчид, уламжлагчид, суралцагч, сонирхогчид язгуур өв соёлоо дээдлэгчдийг хамруулан олон үндэстний хүрээнд зохион байгуулдаг уг наадмын хүрээнд уртын дуу, бий биелэгээ, хөөмий, цуур, ерөөл магтаал, тууль, икэл, морин хуурыг сурталчилснаас гадна сайхан морьтон хос, язгуур үндэсний хувцастан, шилдэг гар урлалын бүтээгдэхүүн зэргийг шалгаруулсан байна.