Чинзориг.С 2019.08.09 | Vip76.mn

Өвөрхангай аймгийн Бүрд сум шинэ соёлын төвтэй боллоо

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж, Ардын жүжигчин Чимидийн Долгорсүрэнгийн төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Бүрд сум Их Монгол уулыг түшиж өндийсөн урлаг соёлын одууд олонтой газар. Хамгийн сүүлд л гэхэд сонгодог урлагаар дэлхийд нэрээ гаргасан дуучин Энхболдын Анхбаяр Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэн.

Тус сумын Соёлын төв 1956 онд баригдсан хуучирч муудсан, ард иргэдэд соёл урлагаар үйлчлэх боломж бололцоо муу байгаа тухай олон жил ярьсан. Тиймээс УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг энэ асуудлыг шийдэх зорилгоор 2018-2019 оны улсын төсөвт шинэ Соёлын төв барих хөрөнгийг суулгуулснаар 960 сая төгрөгийн төсөвт өртгөөр бүтээн байгуулалт хийж, энэ сарын 5-нд Бүрд сумын ард иргэдэд хүлээлгэж өглөө.

Орчин үеийн стандартад нийцсэн тайз, дуу чимээ тусгаарлах аккустик хавтан бүхий доторлогоотой хана, 250 гаруй суудалтай үзвэрийн танхим, бүжгийн заал, номын сан гээд онцлох зүйл олонтой сайхан Соёлын сайхан өргөөтэй болсон Бүрдийнхэн тун ч баяртай байлаа.

Бүрдийнхэн үндэсний цөөхүүл хөгжмийн хамтлагтай болох бүрэн боломжтой ч хөгжмийн зэмсэг дутмаг гэсэн тул С.Чинзориг гишүүн Соёлын төвийн нээлтэд очихдоо ёочин, ятга, шанз, морин хуур зэрэг хөгжмүүдийг бэлэглэсэн юм. Тэд сайхан хөгжимтэй болсон тул дараа ирэхэд чинь бүтэн концерт тоглож үзүүлнэ гэж төрийн түшээдээ амалжээ.

Соёлын төвийн нээлтэд Бүрд сумын отгон гавьяат Э.Анхбаяр, дуучин Б.Дэлгэрбаяр нараас гадна "Хан шувуу" дуугаараа алдаршсан гавьяат жүжигчин А.Бүтэд, "Амрагийн дуу"-ны Ч.Туул гавьяат, Буриадын ардын жүжигчин дуурийн Д.Долгормаа нарын ахмадууд, "Улаанбаатар" чуулгын уран бүтээлчид оролцсон гайхалтай сайхан тоглолтыг үзүүлж нэгэн үдшийг дуу хуур, баяр баяслаар халгиж өнгөрүүллээ.