Болд.Л 2019.08.09 | Zindaa.mn

"Тост, Тосон бумба" үндэсний хэлэлцүүлэг эхэллээ

"Тост, Тосон бумба" үндэсний хэлэлцүүлэг эхэллээ

“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”, “Эрс шинэчлэл" хөдөлгөөн, “Уугуул хөдөлгөөн” ТББ-ууд хамтран зохион байгуулж буй "Тост, Тосон бумба" үндэсний хэлэлцүүлэг Төрийн ордонд эхэллээ. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, УУХҮ, БОАЖЯ зэрэг төрийн байгууллагууд, 40 орчим иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, орон нутгийн иргэд зэрэг 120 гаруй хүн оролцож байна. 

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Л.Болд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. 

"Өнгөрсөн жил гаруйн хугацаанд УИХ-ын таван гишүүн нэгдэж, “Баялагтай эзэн” бүлэг байгуулж ажиллалаа. Бид баялагтаа эзэн байх зорилгоор хэд хэдэн тэмцэл зохион байгуулсан. Баялагтаа эзэн байх бол бидний гол зорилго. Энэ бүх түүхийг өнөөдөр бүтэн өдрийн зөвлөгөөнөөр эхнээс нь ярих гэж байна. Тосон бумба бол МАНАН мафийн хэрхэн ажилладгийг харуулсан хураангүй түүх юм. Энэ асуудал дээр ялж чадахгүй бол цаашид юу ч өөрчлөгдөхгүй. МАНАН-гийн түүх, бузар булхай гэмт хэргийг өнөөдөр нэг бүрчлэн он цагийн дарааллаар нь ярих хэрэгтэй. Энэ хэлэлцүүлэг энэ асуудлыг хэлэлцэнэ. Өнөөдөр байгаль орчны баялгийг сүйтгэж байгаа гэмт хэрэг, лиценз бүрийн цаана юу нуугдаж байдгийг ярих хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл бидний тэмцэл ялагдсаар ирсэн ч багагүй амжилтад хүрсэн. Эрдэнэт, Асгат, Багануурыг буцааж авсан. Цаашдаа Оюу толгойг бид анхаарах хэрэгтэй байна. Хамгаалан тэмцэж буй байгалиа энэ тулаанд алдах юм бол Монголыг авч үлдэх нь бэрх болж ирнэ. УИХ тогтоол гаргачихаад байхад Засгийн газар нь хууль бус тогтоол гаргадаг нь ямар учиртай юм бэ. Одоо бидэнд арагшаа ухрах нэг ч алхам байхгүй. УИХ, Засгийн газрын түвшинд шийдвэр гаргах хэрэгтэй. Үүний эсрэг УИХ-ын таван гишүүн хөдлөхөд бэлэн байна. Иргэдээ дэмжихэд бэлэн. Эх орныхоо төлөө тэмцэхэд бэлэн. Одоо харин Монголын ард түмэн сэрэх хэрэгтэй байна."

Тост, Тосон бумба үндэсний хэлэлцүүлэг гурван хэсгээс бүрдэх бөгөөд 19:00 цаг хүртэл Төрийн ордонд үргэлжилнэ. Түүнчлэн шударга ёсны төлөө олон зуун иргэн Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж байна.