Х.Нямбаатар 2019.08.12 | Dardas.mn

Х.Нямбаатар: Ш.Раднаасэд гишүүн санал гаргаж, хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн

Х.Нямбаатар: Ш.Раднаасэд гишүүн санал гаргаж, хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн

УИХ-ын даргын захирамжаар хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг судлах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар даргалж байгаа билээ. Тэгвэл тэрбээр энэ талаар байр сууриа илэрхийлж, мэдээлэл өглөө. 

Х.Нямбаатар: "УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Өнгөрсөн долоо хоногт ажлын хэсгийн гишүүд томилолттой, амралттай байсан. Өнөөдрөөс ажлын хэсгийг цуглуулахаар Хууль зүйн байнгын хорооны ахлах референтдээ чиглэл өгсөн. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд гадаадад томилолттой байж байгаад өнөөдөр ирсэн байх учиртай. Бид энэ асуудлыг ярина.

Ер нь бол ниргэсэн хойно нь хашгирч байгаа л хэрэг. Бид 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Хууль зүйн сайдад зөвлөмж хүргүүлсэн. Хоёр ч удаа хуульчдын зөвлөгөөн зохион байгуулаад, зөвлөмж хүргүүлсэн юм. Эрүүгийн хууль хэрэгжиж эхлээд таван сар болоход гарсан үр дүн нь ийм байна. Тиймээс салбар яам нь яаралтай энэ хуульд өөрчлөлт оруулаач гэсэн. Гэвч өөрчлөлт оруулахгүй байсаар өнөөдрийг хүргэлээ. 

Сая УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд би энэ хуульд өөрчлөлт оруулаагүй гээд л бичиг бариад яваад байх шиг байна билээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн эцсийн хэлэлцүүлэг хийх үеэр Ш.Раднаасэд гишүүн санал гаргаж, хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн. Өөрчлөхөөр Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дагаж өөрчлөгддөг. Хууль тогтоомжийн журмын тухай хуулиараа шүү. Хүний тархи, сэтгэхүйг алгын чинээ цаасаар хуурах гээд хэрэггүй.  Одоо хэрүүлээ аль болох багасгаад, маш яаралтай өөрчлөлтөө оруулмаар байна. 

Одоо нэг асуудал байгаа нь Үндсэн хуулийн хэлэлцүүлэгтэй холбоотой. Үндсэн хуулийг хэлэлцэж байхад өөр хууль тогтоомжийн талаар хэлэлцэхийг хориглодог. Энэ долоо хоногт Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэг болох байх. Түүний дараа ажлын хэсэг хөөн хэлэлцэх хугацааг 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар болгох уу. Эсвэл 2015 оныхоор болгох уу гэдгээ шийднэ. Нэг асуудал байгаа нь хуулиа яаж эргэж үйлчилдэг болгох вэ гэдгийг мэргэжлийн хүмүүстэй ярилцаж байна" хэмээлээ.