С.Чинзориг 2019.08.14 | Vip76.mn

Өвөрхангай аймгийн Богд сум шилэн кабельд холбогдоно

Өвөрхангай аймгийн Богд сумыг интернэтийн сүлжээнд холбох шилэн кабелийн ажил эхэллээ. 

Тус сум Өвөрхангай аймгийн 19 сумаас интернэтэд холбогдож чаддаггүй ганц газар байсан бөгөөд өнгөрсөн онд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг хүсэлт тавьснаар эхний ээлжинд бага оврын сансрын холбооны терминалын тусламжтайгаар алслагдсан газруудад интернэтийн үйлчилгээ үзүүлдэг VSAT системд Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургуулийг холбосон юм.

Харин 2019 оны улсын төсөвт Богд сумыг шилэн кабелийн сүлжээнд холбоход шаардлагатай хөрөнгийг тусгуулснаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас өнгөрсөн дөрөвдүгээр сард алслагдсан сумдын шилэн кабелийн сүлжээ байгуулах тендер зарласан.

566 сая төгрөгийн төсөвт өртөгтэй энэ ажлын гүйцэтгэгчээр "Твин лазурет" ХХК шалгарч ажлаа эхэлсэн байна. Тиймээс тун удахгүй Богд сумын айл өрх, бүх албан байгууллага интернэтийн сүлжээнд төвөггүй холбогдох боломжтой болох юм.

Өвөрхангай аймгийн хамгийн алслагдсан сум Богдод өнгөрсөн жил улсын төсвийн хөрөнгөөр 320 хүүхдийн сургууль, 75 хүүхдийн цэцэрлэг барьсан. Цэцэрлэг энэ оны эхээр ашиглалтад орсон бол шинэ сургуулийнхаа нээлтийг 9-р сарын 1-нд хийхээр төлөвлөж байна. Мөн Богд суманд энэ жил цаг уурын барилга барих 100 сая төгрөгийг УИХ-ын гишүүн С.Чинзориг улсын төсөвт суулгуулсан.