Сумъяабазар.Д Энх-Амгалан.Б Оюун-Эрдэнэ.Л 2019.08.14 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд хүнд даацын авто зам барина

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд хүнд даацын авто зам барина

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар Өмнөговь аймагт ажиллаж, “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсч байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх тухай” Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаас гаргасан 01 тоот албан даалгаврын биелэлтийг шалгалаа.

Энэхүү тогтоол, шийдвэрийн хэрэгжилт одоогоор 50 гаруй хувьтай байгаа бөгөөд томилолтын тайлан мэдээг нэгтгэж, дүгнэлтийг Б.Энх-Амгалан сайд Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тогтов.

Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 километр цемент бетон хучилттай их даацын авто зам төсөл”-ийг зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр концесс эзэмшигчийг уралдаант шалгаруулалтын аргаар сонгохоор шийдвэрлэсэн.

Төсөл хэрэгжүүлэгч компани нь Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан ажлын даалгаврын хүрээнд инженерийн нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна.

Зураг төсөл боловсруулах ажлын хүрээнд трасс, геодези, ус, геологи, байгаль орчны төлөв байдлын судалгаа зэрэг хээрийн хэмжилтийн ажлууд хийгдэж бүрэн дууссан. Төлөвлөгөөний дагуу зураг төсөл боловсруулах ажлыг 2019 оны 9 дүгээр сарын 1-ний дотор бүрэн дуусгаж, 9 дүгээр сарын 15-наас замын барилгын ажлыг эхлүүлэхээр болсныг Үндэсний хөгжлийн газрын албаны хүмүүс Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн одоо байгаа 239 километр авто замын засвар арчлалтыг таван багц болгож эхлүүлсэн бөгөөд ажлын гүйцэтгэл одоогоор 74 хувьтай үргэлжилж байна. "Гашуун сухайт авто зам" ХХК-ийн удирдлагууд дээрх чиглэлийн зам засварын ажлыг ирэх есдүгээр сарын 12-нд бүрэн дуусгахаар ажиллаж байгаагаа сайд нарт дуулгав.

Мөн шахмал түлшний гол түүхий эд болох угааж баяжуулсан нүүрснээс гарган авсан завсрын буюу эрчим хүчний зориулалттай медлингийг Улаанбаатар хотруу тээвэрлэх явцад авто замд үүссэн эвдрэл гэмтэл их байгаа. Энэхүү тээвэрлэлт ирэх есдүгээр сар хүртэл үргэлжлэх хугацаатай бөгөөд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан медлингийн тээвэрлэлт зогсохоор зам засварын ажлаа эрчимжүүлж, Мандалговь-Улаанбаатарын чиглэлийн авто замд үүссэн эвдрэлийг яаралтай засахыг ЗТХТ-ийн холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болголоо.