Б.Дэлгэрсайхан 2019.08.19 | Vip76.mn

Эрээн хотын 11 дэх удаагийн чуулган “Эдийн засгийн коридор”-ыг онцолж байна

Эрээн хотын 11 дэх удаагийн чуулган “Эдийн засгийн коридор”-ыг онцолж байна

Монгол, Хятад, Орос улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны арга хэмжээ 8 дугаар сарын 15-20-ны өдрүүдэд “Гурван улсын Эдийн засгийн коридорыг хамтдаа байгуулж, гар гараа барилцан шинэ эрин үеийг нээх” уриан дор Буриад улсын Засгийн газар, Эрхүү мужийн Засаг захиргаа, ӨМӨЗО-ны Худалдааны танхим, худалдааны нийгэмлэг, Эрээн хотын захиргаанаас хамтран зохион байгуулж байна.

Энэ удаагийн чуулга нь БНХАУ байгуулагдсаны 70 жил, Монгол-Хятад улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог бөгөөд чухал ач холбогдолтой.

Энэхүү чуулган нь хөрш гурван орны хил залгаа бүс нутаг, ах дүү хотуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлж, харилцан ашигтай хамтдаа хөгжих үндсэн зорилготой ба тэр утгаараа чуулга, үзэсгэлэнд аймаг, орон нутгийн удирдлагууд, аж ахуйн нэгжүүд, жижиг дунд бизнес эрхлэгчдийн бизнесийн харилцаа тогтоох чухал талбар болон жилээс жилд өргөжиж байна.

Эрээн хотын чуулганы арга хэмжээг ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Ай Лихуа албан ёсоор нээж, “Монгол Улстай хиллэсэн хамгийн том боомт хот Эрээн бөгөөд Монгол, Хятад улсын Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай хэлэлцээрийг хоёр улсын Засгийн газар энэ оны 6 дугаар сард байгуулсан. Эрээн хот нь “Бүс ба зам”-ын хүрээнд Хятадын Засгийн газрын бодлогоор умард бүс нутгийн тэргүүний боомт болохыг зорьж байна” гэдгийг тодотгов.

Чуулганы нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан оролцож, Монгол-Хятадын парламентын бүлгэмийн дэд даргын хувьд үг хэлсэн бөгөөд дөрөв дэх жилдээ энэхүү чуулганд оролцож байна.

"Гурван улсын “Эдийн засгийн коридор”-ын чухал хэсэг Монгол улсын хувьд сүүлийн 1 жилийн хугацаанд ахиц, дэвшил гарсныг цохон тэмдэглээд, Эдийн засгийн чөлөөт худалдааны бүсийг байгуулах хэлэлцээрийг БНХАУ-ын Засгийн газрын түвшинд үзэглэж, Замын-Үүдийн боомт дахь олон улсын тээвэр Логистикийн төв ашиглалтад орж, Замын-Үүд боомтыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэчлэх ажил эхэлж байгаа бөгөөд Замын-Үүд боомтоос ОХУ-тай хиллэх Алтанбулаг боомттой холбох олон улсын хурдны авто замын бүтээн байгуулалтад бэлтгэж байгааг онцоллоо.

Мөн нээлтийн ёслолд Монгол улсын Ерөнхий сайдын У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхий сайдын ажлын албаны дарга Б.Энх-Амгалан уламжилсан ба “Ихээхэн ирээдүйтэй энэхүү чуулга уулзалт манай гурван улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал талбар хэмээн Монголын тал үзэж, үйл ажиллагаанд нь тогтмол, идэвхтэй оролцож ирсэн. Монгол улсын Засгийн газраас хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, тэдгээрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад анхаарч тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

БНХАУ, ӨМӨЗО-ны хөрөнгө оруулалтыг улам бүр нэмэгдүүлэх, ингэхдээ уул уурхайгаас гадна хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн аж үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт татах, дэвшилтэд технологи, инновацийг нутагшуулахыг зорьж байна” гэв. 

Монгол улсын нийслэл Улаанбаатар хот, БНХАУ-ын Шилийн гол аймаг, Улаанцав хот болоод ОХУ-ын Улаан-Үүд хотын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг танилцуулснаас гадна “Эдийн засгийн коридор” байгуулах 32 төсөл хамаарах Хөх хот, Бугат, Красноярск, Кизил хотуудын удирдлагууд хүрэлцэн иржээ.

Чуулганд нийт 3000 гаруй зочид төлөөлөгчид чуулсанаас Монгол улсын 100 гаруй аж ахуйн нэгж оролцсон болохыг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлж байлаа.Эрээн хотын энэхүү арга хэмжээ анх зохион байгуулагдсан цагаас хойш өнгөрсөн 10 жилийн хугацаанд чуулганы хүрээнд 172 хэлэлцээрийг үзэглэж, 73 тэрбум юанийн хөрөнгө оруулжээ.