Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан боллоо
2019.08.19

Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан боллоо

Улсын Онцгой комиссын хуралдаан өнөөдөр болж, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсч, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин үүрэг даалгавар өглөө.

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан “2019 онд Улсын хэмжээнд 502 мянган га-д үр тариалалт хийсэн. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Булган, Орхон, Архангай, Сэлэнгэ аймгийн зарим бүс нутгаар ургац хураалт олон жилийн дундаж буюу хэвийн. Харин Төв, Хэнтий, Дархан-Уул, Өвөрхангай, Увс, Сэлэнгэ аймгийн зарим сумдад ургац бага байх төлөв ажиглагдаж байна" гэлээ.

Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар “Өвлийн бэлтгэл ажил зам тээврийн хөгжлийн яамны хэмжээнд 34.28 хувийн биелэлттэй байна. Энэ эрчээрээ ажиллавал ирэх арваннэгдүгээр сарын 20 гэхэд өвлийн бэлтгэл ажлаа бүрэн хангаж дуусна” хэмээн мэдээллээ.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “2019-2020 онд нийслэлд нийт 1,311 ажил төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 67 хувьтай байна. Үүнийг 2018 оны мөн үетэй харьцуулбал 2.3 хувиар давуу биелүүлжээ.  Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийн хангахад анхаарч байгаа гол асуудал нь сайжруулсан түлшийг нийлүүлэх тээвэрлэх, иргэдэд хүргэх асуудал юм. Үүнээс гадна шаардлагатай хяналтуудыг тавих хэрэгтэй учраас энэхүү ажлыг нийслэлийн хэмжээнд ажил хариуцсан байгууллагуудын оролцоотойгоор бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна” гэв.

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин “2019 оны долдугаар  сарын сүүлийн хагас, наймдугаар сарын эхний 10 хоногт нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орлоо. Тунадасны нийлбэр хэмжээг авч үзвэл, хамгийн их тунадас Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Булганы хойд, Хөвсгөлийн зүүн хойд, Архангай Өвөрхангайн зааг нутгаар, Дорнодын зарим сумдад 105-181 мм хур тунадас орсон.

Энэ хугацаанд ихэнх нутгийг хамарсан 14 удаагийн мөндөр орсон байна.  Наймдугаар сарын 24-26 болон 28-31-нд ихэнх нутгаар бороо орох төлөвтэй байна. Энэ сарын эцсээр уулархаг нутгаар нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр агаар хөрсөнд цочир хүйтрэх төлөвтэй байна. Есдүгээр сард Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг олон жилийн дунджаас сэрүүн, Дорнодын өмнөд хэсэг, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим температуртай байна” хэмээн мэдээлсэн юм.

Харин Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар “Он гарсаар улсын хэмжээнд долдугаар сарын байдлаар нийт 3692 удаагийн аюулт үзэгдэл тохиолдож, нийт 160 хүн амь насаа алдаж, 54 хүн бэртэж гэмтэн, 26.050 толгой мал, амьтан хоргодож, 30,8 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд зориулж Засгийн газрын гурван удаагийн хуралдаанаар нийт 11,1 тэрбум төгрөгийн шийдвэрлүүлсэн. Харин аймаг, нийслэлийн Засаг даргын нөөц сангаас нийт 2,6 тэрбум төгрөгийг зарцуулсан байна” хэмээн танилцууллаа.

Мэдээллийн дараа Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгсөн юм.

Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт:

-Орон нутгийн хүч бололцоогоо бүрэн дайчлан, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах чиглэлээр холбогдох арга хэмжээг шуурхай зохион байгуулж, нийслэл, аймаг, сум, дүүргийн авбал зохих хадлан тэжээлийг заасан хэмжээнд бэлтгэх, Засгийн газрын “Маш нууц” тогтоолоор улсын нөөцөд өвс худалдан авах, зарцуулах асуудалд өөрчлөлт оруулсан тул  энэ жилээс эхлэн аймаг, сумдын аюулгүйн нөөцөд өвс бэлтгэх ажлыг өөрсдийн хөрөнгөөр зохион  байгуулах;

– Намрын ургац хураалтын ажлыг сайтар зохион байгуулж, тариаланчдад дэмжлэг үзүүлэх;

-Аймгуудын  төвлөрсөн дулаан хангамж болон барилга байгууламжийн цахилгаан, сантехник, уурын зуух, дулаан хангамжийн  бэлэн байдлыг хангах;

– Аймаг, сумдын барилга байгууламжийн цахилгаан, сантехник, уурын зуух, дулаан хангамжийн  бэлэн байдлыг хангах;

-Авто замын аюулгүй байдлыг хангах үүднээс Авто зам засвар, арчлалтын компаниудад давс, үнс, хайрга, дайргыг зардал багатай, шуурхай татан нөөцлөх ажилд дэмжлэг үзүүлэх;

-Усан замаар зорчиж буй тээврийн хэрэгсэл, ачаа тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах;

– Аймаг, сумдын хэмжээнд мал мах бэлтгэх, нийлүүлэх ажлыг эрчимжүүлэх;

-Мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, технологийн ажил үйлчилгээ, малын дархлаажуулалт, угаалга, боловсруулалт, туулгалт, ариутгал, халдваргүйжүүлэлтийг далайцтай явуулах;

-Малчдыг малаа даатгалд хамруулах ажлыг идэвхтэй зохион байгуулах;

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд:

-Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл, мах, гурил зэрэг өргөн хэрэглээний барааны үнийн тогтвортой байдлыг хангах, орон нутагт мал, махны бэлтгэл, экспорт,  ургац хураалтын ажлын явцыг шалган туслах ажил зохион байгуулах Ажлын хэсгийг томилон ажиллуулах;

-2019-2020 оны өвөл, хавар отор нүүдэл хийх малчдын судалгаа, оторлох малын тоо, толгойг аймаг, орон нутгаар нэгтгэж гаргах;

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд:

– Эрчим хүчний эх үүсвэр, нэгдсэн сүлжээний тасралтгүй, найдвартай байдлыг ханган ажиллуулах, гамшгийн үед хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тодотгол хийх;

-Дулааны цахилгаан станцуудын шугам сүлжээний шинэчлэл, их болон урсгал засварыг тогтоосон хугацаанд горимын дагуу хийж дуусгах;

-Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт, түгээлтийн явцад байнгын хяналт тавих;

-Сум бүрийг дизель станцтай болгох ажлыг эрчимжүүлж, шаардагдах хөрөнгийн асуудлыг холбогдох сайдын багц болон орон нутгийн хөрөнгөөр шийдвэрлэх;

Батлан хамгаалахын сайд Н.Энхболдод:

-Шаардлагатай тохиолдолд намрын ургац хураалтын ажилд цэргийн алба хаагчдыг дайчлан оролцуулах бэлтгэлийг хангах;

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд:

-Зам, тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөгөөт хугацаанд чанартай хийж гүйцэтгэх;

-Улаанбаатар-Дархан, Улаанбаатар-Налайхын чиглэлийн авто замын ажлын гүйцэтгэлд онцгой анхаарч, удирдлагаар хангаж ажиллах;

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд:

-Эмнэлгийн барилга байгууламжуудын засварыг яаралтай дуусгах;

-Гэнэтийн осол аваарын үед ажиллуулах цахилгааны нөөц эх үүсвэрийг бэлэн байлгаж, онцгой байдлын үед ажиллах эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудыг томилгоожуулан дадлагажуулах;

-Томуу, томуу төст өвчний дархлаажуулалтад шаардагдах хөрөнгийг Сангийн яамтай хамтран шийдвэрлэж, вакцинжуулалтыг 2019 оны 10 дугаар сарын 15-нд эхлүүлэх,

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт:

-Боловсролын салбарын сургууль, цэцэрлэгүүдийн их засварын ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө төлөвлөсөн хугацаанд чанартай хийж гүйцэтгэх;

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад:

-Цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч урьдчилан сэрэмжлүүлэх болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээг ард иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх ажлыг зохион байгуулах;

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд:

-Засгийн газрын 2019 оны 270, 285 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд улсын хэмжээнд зохион байгуулж буй ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллахыг тус тус үүрэг болголоо.