Ч.Улаан: Энэ онд 20 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулна
2019.08.19

Ч.Улаан: Энэ онд 20 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Улсын онцгой комиссын хуралдаан Төрийн ордонд боллоо. Цаг агаар, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийв.

Хуралдаанаар  өвлийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, сайжруулсан түлшний нөөц, мах бэлтгэл, дулааны цахилгаан станцуудын аюулгүй байдалтай холбоотой  асуудлын талаар хэлэлцэж байна.

Энэ үеэр махны нөөц бэлтгэхтэй холбоотой асуудлаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Төв суурин газрын хүн амын махны нөөцийг нэмэгдүүлэх асуудалд анхаармаар байна. Хүн амын хэрэглээг харахад хамгийн багадаа энэ жил 20 мянган тонн мах бэлтгэх хэрэгтэй байна.

Ингэхийн тулд 50-60 тэрбум төгрөгийн хөрөнгө хэрэг болж байна. Түүнчлэн мах бэлтгэж, нөөц нэмэгдүүлэхийн тулд мах бэлтгэж байгаа компаниудын зээл хүүг нь багасгасан. Үүнээс гадна экспорттой холбоотой зарим механизмыг өөрчилмөөр байна. Экспортоор гарч буй махны 10 хувийг дотооддоо нөөцөлнө гэж заасан байдаг.

Ингэхээр өнгөрсөн онд 70 мянган тонн мах экспортод гаргасан. Үүний 10 хувь гэхээр долоон тонн мах дотооддоо бэлтгэх хэрэгтэй болж байгаа юм. Гэтэл энэ долоон тонн бол хүн амын хэрэгцээний хаана ч хүрэхгүй. Тиймээс үүнийг эргэж харъя. Монгол Улсын мал 80 саяд хүрлээ.

Бэлчээрийн даацаас эхлүүлээд асуудал их байна. Өнгөрсөн онд 14 сая мал эдийн засгийн эргэлтэд орсон. Энэ онд 20 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулмаар байна. Тиймээс хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх хэрэгтэй.  Орон нутагт мах бэлтгэх ажлыг намраас зохион байгуулна” гэсэн юм.