Энх-Амгалан.Б 2019.08.20 | Яамны хэвлэл мэдээллийн алба

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан амралтын өдрүүдэд Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллалаа

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан амралтын өдрүүдэд Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллалаа

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнгөрөгч амралтын өдрүүдэд Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллалаа.

Албан томилолтын хүрээнд Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 километр хатуу хучилттай авто замыг ашиглалтад хүлээн авч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээв. Энэхүү автозам ашиглалтад орсноор баруун аймгуудыг холбосон хэвтээ тэнхлэгийн авто замын сүлжээнд хамрагдах таатай боломж бүрдэх юм.

Төслийг Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Экзим банкны санхүүжилтээр 2017 оны 6 дугаар сард эхлүүлж, энэ оны 7 дугаар сард Улсын комисс хүлээн авсан бөгөөд авто замын барилгын ажлыг нийт 13 сарын хугацаанд барьж дуусгав. Ерөнхий гүйцэтгэгчээр "Шанхай констракшн групп" ХХК ажиллаж, Их Богд зам ХХК, Их Монгол барилга ХХК, Төгс зам ХХК, Ди Ар Жи ХХК зэрэг дотоодын аж ахуйн нэгжүүд туслан гүйцэтгэгчээр ажиллалаа.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон үндсэн чиглэлд аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбохоор тусгасан. Энэхүү чиглэлийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 309 дүгээр тогтоолоор Говь-Алтай аймгийн төвийг нийслэл хоттой холбох хатуу хучилттай авто замын нэг хэсэг болох “Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто зам”-ыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьж байгуулахаар шийдвэрлэсэний үндсэн дээр ийнхүү гэрээт хугацаандаа ашиглалтад оруулав.

Дээрх авто зам ашиглалтад орсноор Говь-Алтай аймгийн төдийгүй дайран өнгөрөх Ховд, Баян-Өлгий аймгийн ард иргэд тав тухтай, аюулгүй, түргэн шуурхай зорчих боломжтой болж, эрүүл мэнд, боловсрол болон бусад нийгмийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, цаг алдалгүй хүртэх боломж бүрдэх юм. Түүнчлэн тээвэр ашиглалтын зардал багасаж зорчигч, ачаа тээвэрлэлтийн хугацаа богиносох зэргээр бүс нутгийн эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна хэмээн үзэж байна.

БАЙДРАГ-ГОВЬ-АЛТАЙ ЧИГЛЭЛИЙН 126.7 КИЛОМЕТР ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫГ ЭНЭ ОНД БАГТААН АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Б.Энх-Амгалан сайд албан томилолтын хүрээнд Байдрагийн гүүрээс Говь-Алтай чиглэлийн 126.7 километр авто замын барилга угсралтын ажлын явцтай танилцлаа.

Дээрх чиглэлийн авто замын барилгын ажлыг эхлүүлээд гурван сар болж байгаа бөгөөд ажлын явц одоогоор 37 хувьтай үргэлжилж байна. Ерөнхий гүйцэтгэгч Макс Рөүд ХХК-ийн удирдлагуудын өгч буй мэдээллээр авто замын ажлаа бүтээн байгуулалтын богино хугацаанд барьж байгуулахын тулд шаргуу ажиллаж, авто замын барилгын ажилд ашиглах түүхий эд боловсруулах 13 үйлдвэрийг байгуулан ажиллаж байгаа аж. Ингэснээр цаг хугацаа алдахгүй, гэрээт хугацаандаа ашиглалтад оруулах нөхцөл бүрдэж байгааг Үйлдвэрийн дарга Ц.Билэгбаатар салбарын сайдад танилцуулав.

Дээрх чиглэлийн авто замын барилгын ажилд 400 гаруй хүн хүч, 200 гаруй машин, техник ажиллаж байгаа ба авто замын трасс дагуу даваа, хад чулуу ихтэй ч одоогоор 40 гаруй километрт асфальтон хучилт хийхэд бэлэн болгожээ.