Ё.Баатарбилэг: Энэ жилээс гурван ээлжээр хичээллэхгүй
2019.08.20

Ё.Баатарбилэг: Энэ жилээс гурван ээлжээр хичээллэхгүй

Энэ жилийн хувьд БСШУС-ын яам үндсэн гурван зорилт тавьж ажиллажээ. Үүнд: Салбарын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг нэмэгдүүлэх, Дотоод үйл ажиллагааг сайжруулах зэрэг орно. Энэ хүрээнд өнгөрсөн 2019-2020 оны хичээлийн жилд хийж хэрэгжүүлсэн, хийхээр төлөвлөж буй ажлуудаа салбарын сайд болон холбогдох дарга нар танилцууллаа.

-ЭЦЭГ, ЭХЧҮҮДТЭЙ ГЭРЭЭ БАЙГУУЛНА-

БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг: 

Сургалтын хөтөлбөр, агуулга. Энэ хичээлийн жилд үндсэн хэд хэдэн хөтөлбөр, хууль тогтоомжууд батлагдаад явж байна. Эхний ээлжинд бид сургалтын хөтөлбөр, агуулгаа шинэчилсэн. Ингэснээр багш нарын ачаалал буурч, агуулгын давхцал арилах юм.

Мөн багш нар хичээлээ заахад үр дүнтэй, сурагчид ойлгоход хялбар болж байна. Үүнээс гадна энэ хичээлийн жилээс эхлэн эцэг, эхчүүдтэй гэрээ байгуулахаар болсон. Энэ хүрээнд үлгэрчилсэн загвар гаргав. Гэрээ байгуулснаар эцэг, эхчүүдийн оролцоо, үүргийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Нийтдээ 644 мянган эцэг, эхтэй гэрээ байгуулна гэсэн үг. Сурагч, багш нар нарт ачаалал болдог нэг зүйл бол олон төрлийн олимпиад. Жилд 20 гаруй олимпиад уралдаан явагддаг байсныг энэ жилээс ес болгож багасгалаа.

Сургууль, цэцэрлэгийн барилгын явц. Монгол улсын Засгийн газраас энэ хичээлийн жилд гурван ээлжийг хоёр болгох зорилт тавьсан. Энэ хүрээнд багагүй хөрөнгө оруулалтын ажил хийв. Улсын хэмжээнд нийт 603 барилга, байгууламж, обьектийг барих хөрөнгө оруулалт хэрэгжинэ.

Үүнээс энэ жилдээ багтаж 21,420 хүүхдийн суудал бүхий 48 сургууль, 13,140 ор бүхий 93 цэцэрлэг ашиглалтад орох юм. Есдүгээр сарын нэгэн гэхэд 23 сургууль, 43 цэцэрлэг бүрэн ашиглалтад орох бол үлдсэн буюу 25 сургууль, 50 цэцэрлэг он дуусахаас өмнө /12-р сарын 31/ барьж дуусахаар ажиллаж байна. Цаашдаа 2020 онд 68 сургууль, 42 цэцэрлэг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Ном сурах бичиг. Энэ хичээлийн жилээс эхлэн ном сурах бичгийг зах зээлд худалдаалахгүй, номын сангаар дамжуулан сурагчдад олгохоор болсон билээ.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр сурах бичгүүдийг шинэчлэн хэвлэж байна. Гэрээ, хэлэлцээртэй холбоотой ажил удааширсан боловч есдүгээр сардаа багтаан орон нутаг болон нийслэлийн сургуулиудаар тараах юм. Бага ангийн сурагчид 100 хувь үнэгүй ашиглах бол дунд, ахлах ангийн сурагчид 40 хувь үнэ төлбөргүй ашиглана. Төлбөр тогтоох аргачлалыг журмаар зохицуулна. Тодруулбал, үнийн дүнгийн 20-40 хүртэлх хувиар түрээсийг тогтооно.

Дүрэмт хувцас. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 250 дугаар тогтоолын дагуу төсөл хэрэгжүүлэгч компаниуд орон нутаг дахь кластерийн системээрээ дамжуулан нэгдсэн загварын дүрэмт хувцасыг борлуулна. Дүрэмт хувцасны нөөц хангалттай байгаа талаар бидэнд мэдээлсэн.

Их дээд сургуулийн сургалтын төлбөр. Энэ жил арав гаруй мянган оюутан 89 Их дээд сургуульд элсэж байна. Таван сургуулийн үйл ажиллагааны эрхийг цуцалж, зарим сургуулийг нэгтгэсэн. Бидний барьж буй нэг бодлого бол яваандаа их дээд сургуулиудыг нэгтгэж, дэлхийд өрсөлдөх хэмжээнд үйл ажиллагаа явуулах юм. Төлбөрийн тухайд 1,6-3,6 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна гэсэн мэдээлэл ирсэн. Энэ жил төлбөрөө нэмсэн сургуулийн хувьд арван хувиас хэтрүүлэхгүй байх зарчим барьсан.

-ХАРИУЦЛАГАГҮЙ КОМПАНИ, МАГАДЛАНГИЙН АСУУДЛЫН УЛМААС 22 БАРИЛГЫН АЖЛЫГ ЦАРЦААЖЭЭ-

БСШУСЯ-ны дэд сайд Г.Ганбаяр:

-Сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг цаг тухайд нь хүлээлгэж өгөөгүй компаниудад хариуцлага тооцож, хар жагсаалтад оруулна гэсэн. Энэ юу болсон бэ, хариуцлага тооцсон компанийг зарлаж болох уу?

-Одоогийн байдлаар хариуцлагагүй компани, магадлангийн асуудлаас болоод 22 барилгын ажил царцаагдсан байна. Гэхдээ барилгын ажил нь явагдаж байгаа. Шугам сүлжээтэй холбоотой асуудал байна. Манай яам хариуцлагын асуудлыг шийдээд эхэлсэн байгаа. Тендерт тодорхой үнэ, үр дүн амлаад татвар төлөгчдийн мөнгийг аваад найман жил болсон компани байна.

“Хангайн-Хятруун” компани Хан-Уул, Баянгол дүүргүүдэд хүүхдийн цэцэрлэг барихаар өнгөрсөн жил тендер авсан. Уг компани барилгын ажлын туршлагагүй зураг зохиох чиглэлээр ажиллаж байсан. Тусгай зөвшөөрөл авсан жилээ хоёр ч удаа тендер авсан. Тэгээд барилгаа барьж чаддаггүй. Тодорхой горимын алдаа гаргасан. Уг компаний эрхийг цуцалсан. Энэ компани цаашдаа төсвөөс гурван жил дараалж ямарваа нэгэн худалдан авах ажиллагаанд оролцох эрхгүй болж байна.

“Хөвсгөл” Компани Хэнтий аймгийн төвд 200 хүүхдийн цэцэрлэг барьж байгаа. Өнгөрсөн Барилгын ашиглаж буй арматур төмөр нь чанарын хувьд эргэлзээтэй. Энэ компанийн нөхцөл байдал мөн ялгаагүй байдалтай байна. Тиймээс эрхийг нь цуцалсан. Энэ мэт бид арга хэмжээ авч, хариуцлага тооцно.

БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг:

-Барилгын ажлын явцтай та нар газар дээр нь очиж танилцав уу, хяналт, шалгалт хэр тавьж байгаа вэ? Бороотой холбоотой хугацаандаа хүлээлгэж өгөх асуудал хойшлогдох болов уу?

-Яам энэ зун тендер зарлаагүй, оролцоогүй. Бүх анхаарлаа явцын хяналтад хандуулсан. Гэхдээ яг мэргэжлийн хяналт тавьдаг байгууллага бол Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв. Манайх бол хугацаа, гэрээний үүргээр шахаж байна.

Энэ жилээс эхлээд гурван ээлжийг хална гэж байсан. Энэ зорилтоо биелүүлж чадах уу?

-Гурван ээлжийн асуудлын хувьд өнөөдрийн байдлаар 18 сургууль, 5800 орчим хүүхэд гурван ээлжээр хичээллэж байна. Нийслэлийн боловсролын газар, яамны холбогдох бодлогын газрууд хамтран эдгээр сургууль дээр анги, танхимын зохион байгуулалт хийсэн. Ингэснээр таван сургууль өөрийнхөө байранд зохицуулалт хийж, гурван ээлжнээс гарахаар болсон. Харин үлдсэн 13 сургуулийн хувьд иргэн аж ахуй нэгж, хувийн сургуулиудын стандарт шаардлагыг хангасан байрыг түрээслэх хэлбэрээр ашигланэ. Үүний үр дүнд есдүгээр сарын нэгнээс эхлээд хоёр ээлжид шилжинэ.