М.Билэгт 2019.08.20 | Vip76.mn

М.Билэгт: Мал сүрэг бол үндэсний шавхагдашгүй баялаг

Монголын ард түмэн үе үеийн улбаа түүхийн бүхий л цаг хугацаанд таван хошуу малтайгаа хувь заяа, амьдрал ахуй, түүх уламжлал, соёл нь холбогдож ирсэн. Тиймээс амин зуулгын гол тэжээл болсон мал сүргээ хайрлан хамгаалж, ааш араншинг нь шинжин ажиглаж, зөн совин, ёр билгийн нэгэн ертөнцийг бүтээсэн гэж болно.

Монгол Улс чөлөөт эдийн засаг, зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас эхлэн мал аж ахуйн салбар эзэнгүйдэж, төрийн бодлого суларсан. Мал аж ахуй бол Монгол улсын эдийн засгийн нэг чухал салбар бөгөөд тус салбарын өсөлт хөгжилтөөс орон нутаг, улсын эдийн засгийн чадавх, ард иргэд аж ахуй нэгжүүдийн ашиг орлого ихээхэн хамаарч байна.

Гэвч өнөөдрийг хүртэл газар тариалан, мал аж ахуйг яаж уялдуулан хөгжүүлэхээ сайн төлөвлөөгүйн улмаас тариаланчид болон малчид хоорондоо үл ойлголцох асуудал ихээр гарч байна. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, улмаар эрчимжсэн мал аж ахуйг бодлоготойгоор хөгжүүлж чадвал мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, ноос, арьс ширний үйлдвэрлэл, малын гаралтай дайвар бүтээгдэхүүний үйлдвэрлэл, мөн газар тариалан тэжээлийн үйлдвэрлэл, тэдгээрийн худалдааны системд өөрчлөлт орж улмаар олон хүнийг шинээр ажлын байртай болгох боломж байна.

Монгол Улсын Их Хурлын гишүүд дундаас малчид болон мал аж ахуйн салбартаа хамгийн их анхаарал хандуулж, тэдний дуу хоолой болдог нь Магваны Билэгт гишүүн юм.

Тэрээр УИХ-аас батлагдан гарч байгаа хуулиудад малчин ард түмнийхээ амьдрал ахуй, санхүүгийн эх үүсвэр, эрүүл мэнд, нийгмийн халамжийн асуудалд байнга анхаарч дуугардаг. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд малчны тэтгэвэр тогтоолгох насыг 5 жилээр наашлуулсан зохицуулалт оруулж, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуульд М.Билэгт гишүүний оруулсан саналаар өөрчлөлт орж батлагдсан.

УИХ-ын гишүүн М.Билэгт: “Монгол Улс сүүлийн 20 гаруй жил уул уурхай, газар доорх баялгаа ухаад л орлого олно гэсэн сэтгэлгээгээр явж байна. 1990 онд 25 сая толгой малтай байхдаа жилдээ 100 мянган тонн мах экспортлоод, 60 мянган адуу экспортолж валютаа бүрдүүлж чадаж байсан. Ажил орлоготой байж, үүнийгээ түшиглэн үйлдвэр, аж ахуй нэгжүүдээ хангаад явдаг байсан. Гэтэл өнөөдөр олон сая малтай хэрнээ эдийн засгаа солонгоруулж чадахгүй байна. Бид шавхагддаг баялгаа бус шавхагдашгүй баялгаа ашиглаж эдийн засгаа нэмэгдүүлэх боломжоо бүрдүүлэх ёстой.”

Мал сүрэг бол Монголчууд бидний үндэсний баялаг. Малчид байгалийн хүнд хэцүүг даван туулж, тасралтгүй хөдөлмөрлөдөг. Гэтэл бид сүүлийн 30 шахам жил экспортыг нэмэгдүүлэх тухай ярьсаар байна. Нүүрс, алт, зэсээс илүү Монголын малчид жинхэнэ шавхагдашгүй экспортын бүтээгдэхүүнийг олон зуун жил үйлдвэрлэсээр ирсэн. Харин өнөөдөр Монголын төр үүнд анхаарал хандуулж, зөв, чигч бодлогоор удирдан залж, уул уурхайг харж, байгаль, эх нутгаа сүйтгэхээ болих цаг болсон гэж М.Билэгт гишүүн хэдэнтэй хэлж байсан юм.

Өнөөдөр Монгол Улс 168 мянган малчин өрхтэй, 350 мянган малчинтай. Энэ жил Монгол Улс 15 сая толгой малын мах бэлтгэж эдийн засгийн эргэлтэд оруулж, гадаад дотоодын зах зээлд борлуулна гэж төлөвлөсөн. Гэхдээ юуны түрүүнд малын тоонд бус чанарт анхаарах хэрэгтэй байгаа тухай салбарын сайд хэлдэг. Тиймээс энэ чиглэлийн хууль, эрх зүйн зохицуулалтыг улам сайжруулах шаардлагатай байгаа юм.

УИХ-ын гишүүн М.Билэгт малчин түмнээ төлөөлөн төрийн хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж байгаа хугацаанд энэ салбарын дуу хоолой болсоор байна. Түүний энэ зүтгэл малчин түмний нөр их хөдөлмөртэй хавсран улс орны эдийн засгийн чухал тулгуур болох юм.

Сэтгүүлч Ц.Соёлмаа