2019.08.21

2018 онд тэтгэлэгт хамрагдсан оюутнууд үргэлжлүүлэн суралцах эрхээ баталгаажууллаа

Дорноговь аймагт нэн тэргүүнд эрэлттэй байгаа мэргэжлээр чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилгоор суралцах чин эрмэлзэлтэй, эргэж нутагтаа ажиллах хүүхэд залуучуудад сургалтын төлбөрийн дарамтгүй суралцах боломжийг бүрдүүлж, Нутгийн зөвлөлөөс дэмжлэг туслалцаа үзүүлсээр иржээ.

УИХ-ын гишүүний болон Нутгийн зөвлөлийн тэтгэлэгт 2015-2019 оны хичээлийн жилд хамрагдсан 15 оюутан энэ жил Их дээд сургуулиа амжилттай төгсөж, эзэмшсэн боловсрол мэдлэгээ Дорноговь аймгийн хөгжлийн төлөө зориулж, орон нутагтаа томилогдсон газраа сонгосон мэргэжлээрээ ажиллаж байна.

УИХ-ын гишүүний болон Нутгийн зөвлөлийн 2018 оны тэтгэлэгт хамрагдсан хүүхдүүдтэй УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр уулзалт зохион байгуулж, 1 жилийн сургалтын тэтгэлгийн гэрээг дүгнэж, цаашдын тэтгэлэгт хамрагдах эрхээ бүгд баталгаажуулав.

2019-2020 оны хичээлийн жилд нийт 45 оюутан УИХ-ын гишүүний болон Нутгийн зөвлөлийн тэтгэлэгт хамрагдаж, Сургалтын тэтгэлэгт гэрээг 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулахаар боллоо. Мөн тэтгэлэгт, зарлаагүй мэргэжлээр суралцах 12 хүүхдийн материалыг Боловсролын зээлийн сангаар дэмжүүлээ.

Энэ жил шинээр тэтгэлэгт хамрагдсан хүүхдүүд эцэг эх, асран хүмүүжүүлэгч нартай ирж Сургалтын гэрээгээ байгуулна.