Сарангэрэл.Д 2019.08.21 | Vip76.mn

"Томуу хил хязгааргүй" Олон улсын зөвлөгөөн эхэллээ

"Томуу хил хязгааргүй" Олон улсын зөвлөгөөн эхэллээ

“Зүүн өмнөд Ази болон Номхон далайн Баруун бүсийн орнуудын томуугийн Үндэсний төвүүдийн олон улсын 13 дугаар зөвлөгөөн" 2019 оны наймдугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод эхэллээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас хамтран манай улсад анх удаа зохион байгуулж байгаа, гурван өдрийн турш үргэлжлэх энэзөвлөгөөнд АНУ, Австрали, Япон, БНСУ, БНХАУ, Индонез зэрэг бүс нутгийн 28 улсын 140 гаруй төлөөлөгч, ДЭМБ-ийн төв оффисын болон Бүсийн төвийн мэргэжилтнүүд, АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Австрали улсын Халдварт өвчний лавлагаа лабораторийн эрдэмтэн судлаачид оролцож дэлхий дахины томуу, томуугийн цартахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар хэлэлцэж харилцан туршлагаа солилцох юм.

Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл үг хэллээ.

Энэ удаагийн Үндэсний төвүүдийн олон улсын зөвлөгөөнөөс хүйтэн сэрүүний улирал ойртож, томуугийн дэгдэлт тархах эрсдэл нэмэгдэж буй энэ үед уг өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэхталаар болон дархлаажуулалт, томуугийн вирусийн онцлог, тандалт хяналтын талаар бүс нутгийн орнуудын Засгийн газар, эрүүл мэндийн байгууллага, нийт ард иргэдэд хандсан Зөвлөмжийг батлан гаргана.

Уур амьсгалын өөрчлөлт, даяаршил, хотжил, хүн амын шилжилт хөдөлгөөн ихэссэн өнөө үед томуугийн халдвар хил хязгааргүй дамжин тархах болсон. Тухайлбал, 2009 онд урьд өмнө нь хүнд оношлогдож байгаагүй томуугийн A(H1N1) хэвшинжийн шинэ вирусээр сэдээгдсэн халдвар анх бүртгэгдэж, бүртгэгдсэнээс хойш 3 хүрэхгүй сарын дотор цартахлын хэмжээнд хүрч дэлхийн 100 гаруй улс орныг хамарч байсан удаатай.Иймээс томуу, томуугийн цартахлаас сэргийлэх арга хэмжээг ДЭМБ төдийгүй улс орнууд хамтран зохион байгуулж, ихээхэн анхаарал хандуулах болсны нэг илрэл нь энэхүү олон улсын арга хэмжээ юм.

Манай улсын хувьд жил бүр томуугийн улирлыг угтуулан зорилтот бүлгийн ард иргэдээ томуугийн вакцинд хамруулах болсноор өвчлөлийг тогтоон барьж, цартахлаас урьдчилан сэргийлж байна. Сүүлийн жилүүдэд ДЭМБ, АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв зэрэг байгууллагын дэмжлэгтэйгээр болон Засгийн газрын санхүүжилтээр томуугийн вакцины захиалгын тоо хэмжээг тогтмол нэмэгдүүлж ирсэн.