Эрдэнэ.С 2019.08.23 | News.mn

С.Эрдэнэ: Ерөнхийлөгчийн саналаас дэмжиж болохгүй заалт бий

С.Эрдэнэ: Ерөнхийлөгчийн саналаас дэмжиж болохгүй заалт бий

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр /2019.08.23/ ээлжит бусаар хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөлд хүргүүлсэн саналаа хэлэлцсэн байна.

Ардчилсан намын зүгээс нийтдээ 18 санал өгсөн бөгөөд үүнээс найман саналыг ажлын хэсэг хүлээж авах боломжгүй гэдгээ илэрхийлжээ. Өргөн баригдсан хуульд тусгагдаагүй зүйл, заалтууд байгаа учраас дээрх найман заалтыг хүлээж авах боломжгүй гэж тайлбарласан байна.

АРДЧИЛСАН НАМЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Д.ЭРДЭНЭБАТ:

-Сонгуулийн тогтолцоо, төрийн татвар, эдийн засаг, орон нутгийн эдийн засагтай холбоотой асуудлыг хүлээж авахгүй боломжгүй гэсэн тайлбар бид хүлээж авахгүй, дахин ажлын хэсгийн хуралдаанд оруулж, байр сууриа илэрхийлнэ. Ардчилсан намын хувьд улс орны, ард иргэдийн нийтийн эрх ашгийг хүндэтгэж байр суурин дээрээ хэвээр байна.

Бидэнд ирсэн албан бус мэдээллээр МАН-ын бүлэг УИХ-ын гишүүдийн тоог 99 болгохыг дэмжсэн гэсэн. Бид үүнийг дэмжихгүй. Одоогийн 76 гишүүн нийгмийн итгэл, хүлээлтийг дааж чадахгүй байхад Үндсэн хуулийн өөрчлөлтөд гишүүдийн тоог нэмэхийг дэмжихгүй. Бид анхнаасаа Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Хэрэв гишүүдийн тоог нэмэх гэж байгаа бол Ерөнхийлөгчийн өргөн барьсан 108 гишүүн байх, 50 хувь нь жагсаалтаар, 50 хувь нь тойргоос байх нь зөв гэдгийг бид дэмжинэ. Энэ нь илүү хариуцлагатай байх боломжтой гэж харж байна.

АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА, УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭ:

Ардчилсан намын зөвлөл Үндсэн хуультай холбоотой асуудлаар хэлэлцлээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх хэлэлцүүлэгт Ардчилсан нам оролцохгүй гэсэн байр суурьтай байсан ч Ерөнхийлөгчийн зүгээс санал ирүүлснийг судалж, дэмжиж хэлэлцүүлэгт орох шийдвэр гаргасан. Бид тодорхой дөрвөн санал тавьсан, түүнийхээ байр суурьт ч хатуу зогсоно.

Ерөнхийлөгчийн саналуудаас заримыг нь дэмжиж болох ч дэмжиж болохгүй заалтууд бий. Ерөнхийлөгчийн саналд парламент 108 гишүүн байх бөгөөд 54 гишүүн нь аймаг орон нутгаас сонгогдох бол 54 нь намын жагсаалтаар оруулж ирэхээр төлөвлөсөн. Намын жагсаалтын 54 гишүүн нь улс орны бодлогыг тодорхойлох, тойргоос сонгогдсон нь тойргийн эрх ашгаа хамгаалах гэсэн зорилгоор өргөн барьсан байсан. Тиймээс үндэслэл, тооцоололтой учраас бид дэмжээд явна. Ардчилсан намын зүгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг ард нийтийн санал асуулгаар батлах байр суурин дээрээ хэвээр байна.

Эрүүгийн болон бусад хуулиар хариуцлага хүлээх хүмүүс эцэг хуулийг батлах гээд явж байгаад харамсаж байна. Хууль шүүхийн байгууллагаар нэгэнт тогтоогдсон асуудлыг ярихаас илүү гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой болсон хэргийг яагаад ярихгүй байна вэ, Ц.Нямдорж сайд. Өөртэй нь холбоотой маш олон ёс зүйн асуудал байхад яагаад тайлбар хийхгүй байна гэдэг олон асуудалд тайлбар хийх хэрэгтэй байна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

-99 гэдэг тоог өмнөх парламентад Ардчилсан намын үед гарсан санал байсан учраас оруулж ирсэн?

Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: -Өмнө нь 99 гишүүн байх тоо байгаа нь үнэн. Гэхдээ холимог тогтолцоо байх, улс орны хөрөнгийг үр дүнгүй зарах, бодлого алдагддаг учраас холимог байх нь зөв гэж оруулж ирсэн. гэвч МАН-ын зүгээс тогтолцоогоо өөрчлөхгүйгээр зөвхөн гишүүдийн тоог нэмэхээр ярьсан гэсэн. 99, 108 хоёрын хооронд нэг их зөрүү байхгүй учраас 54, 54 байх нь зөв гэж хэлээд байгаа юм.

-Гишүүдийн тоог нэмэхгүйгээр одоогийн 76 гишүүнээ холимогоор явуулах боломж байхгүй юм уу?

Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: -76, 108 гэдэгтээ асуудал байхгүй байна. Харин хүн амын тоо, харьцаа, эдийн засгийн өсөлтийн үр дүн, улсын нэгдсэн төлөвлөлт, бодлогын төлөө явдаг гишүүд цөөхөн байна. Тиймээс орон нутаг, намын жагсаалтаас сонгож, үндэслэлтэй тооцоололтой саналаа дэмжээд явах нь зүйтэй гэж үзэж байна.

Ерөнхийлөгчөөс ирүүлсэн, тухайлбал, 50 мянган хүний гарын үсгээр нам байгуулах асуудал гэхэд өнөөгийн нөхцөлд тохиромжгүй харагдаж байгаа юм. Өнөөдөр 801 хүний гарын үсэг гэхэд өнөөдрийн нөхцөлд харьцангуй бага байгаа юм. Тиймээс Ардчилсан нам нийт хүн амын нэг хувьтай тэнцэх хэмжээний хүний гарын үсэг зурсан тохиолдолд нам байгуулах боломжтой гэсэн саналыг хүргүүлсэн.