Х.Нямбаатар 2019.08.23 | TV5

Х.Нямбаатар: МАН-ын бүлэг 99 гишүүнтэй таван жил байхаар дэмжсэн

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

“Үндсэн хууль зөвшилцлийн баримт бичиг учраас төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа институцууд зөвшилцөх ёстой. Мөн төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа институцууд нь өөрсдөө ард түмнээс сонгогдсон учраас зайлшгүй зөвшилцөж байгаа юм. Нэг нам дангаараа хүч түрэн батлах ёсгүй. Ерөнхийлөгч гишүүдийн тоог 108 болгох санал оруулсан тухайгаа тайлбарлахдаа хүн амын тоо өссөнтэй холбон тайлбарласан.

Мөн улс төр дэх гишүүдийн намын жин дарах асуудлыг багасгая гэсэн. Томоохон компаниудын нөлөөллийг улс төрд багасгах үүднээс мөн  энэ тоог оруулсан. АН-аас 99 болгох тухай дөрвөн жилийн байр суурин дээрээ байгаагаа илэрхийлсэн. Ингээд зөвшилцөөд 99 гишүүнтэйгээр таван жилийн хугацаагаар сонгох болсон.

Тогтолцооны хувьд Сонгуулийн тухай хуулиар шийдье гэсэн. УИХ-ын гишүүдийн дийлэнх нь 76 гэсэн тойргын систэмээ хадгалах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжээ түшиглэсэн шүүхийн системийг өөрчлөх ёстой. 330 мянган хүн амтай дүүргүүдэд Дүүргийн анхан шатны шүүх байгуулж байгаа бол Үндсэн хуульд зааснаар гурван мянган хүнтэй Багахангай дүүрэгт бас дүүргийн анхан шатны шүүх байгуулах Цэцийн шийдвэр гарсан. Ингэхээр цаашид хүн амынхаа нягтаршилыг харгалзан үзэж, шүүхүүдийг тойргын системээр байгуулах нь зүйтэй гэж үзсэн. ШЕЗ бол шүүх засаглал бүрэлдэх хамгийн том үндэс юм.

Үүнийг Үндсэн хуульд тусгая гэж манай намын 62 гишүүний өргөн барьсан төсөлд туссан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хамгийн чухал амин сүнс нь шүүхийн хараат, бие даасан, хариуцлагатай байдлыг бий болгох юм. Өнгөрсөн жилүүдэд шүүхийн захиргааны байгууллагыг Дээд шүүхийн бөөрөнд нааж үзлээ, тусад нь  байгуулж үзсэн. ХЗДХ-ийн сайдаар ахлуулж үзсэн.

Аль аль нь дэвшил авч ирээгүй. Хавар нэр бүхий 17 шүүгчийн хээл, хахууль, авлигын асуудал нотлогдсон гээд төрийн тэргүүн нь түдгэлзүүлсэн. Ингэхээр энэ тогтолцоо болохгүй байгаа учраас ШЕЗ-ийг 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулъя. Тавыг нь шүүгч нар өөрсдөө, дотроосоо сонго. Үлдсэн тавыг УИХ сонгоё. Ингэхдээ нэг бүрэн эрхийн хугацаанд сонгох юм. Энэ зарчим дээр бүлгийн шийдвэр гарсан” гэсэн юм.