Б.Энх-Амгалан 2019.08.26 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Б.Энх-Амгалан: Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын биелэлт сайн байна

Б.Энх-Амгалан: Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын биелэлт сайн байна

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн баруун бүсийн аймгуудад ажиллах албан томилолтын хүрээнд Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114.2 километр авто замд Улсын комисс ажиллан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээлээ. Энэ нь Завхан аймгийг төвийн бүстэй холбох гол зам болж байгаагаараа онцлог юм.

Б.Энх-Амгалан сайд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд 21 аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажил эрчимтэй өрнөж, энэхүү мөрийн хөтөлбөрт туссан Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114.2 километр авто зам стандартын дагуу баригдаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нээгдэж байгаад баяртай байгаагаа дурдаад, Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын биелэлт сайн байгааг онцлон тэмдэглэв.

Дээрх чиглэлийн авто замыг Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр барьж байгуулан, Xinjiang Beixin Road Bridge Group компани ерөнхий гүйцэтгэгчээр, WXP ХХК, Diamond Road ХХК, Энх төгөл бэх ХХК зэрэг дотоодын аж ахуйн нэгжүүд туслан гүйцэтгэгчээр ажиллалаа. Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай авто зам нь 7 метр өргөн, 5 сантиметр асфальтобетон хучилттай, 2 талдаа 1.5 метрийн өргөн хайрган хөвөөтэй, 3.5 метрийн 2 урсгалтай, гуравдугаар зэрэглэлийн авто зам.

Мөн зам барилгын ажлын 30 хувьд нь орон нутгийн иргэдийг ажиллуулсан бөгөөд төслийн хэмжээнд нийт 550 ажилтан, 100 гаруй машин, техник ашиглажээ. Энэхүү авто зам нь Загастайн даваа хүртэл асфальтон хучилттай бөгөөд ирэх онд Улиастай-Загастайн даваа чиглэлийн 67 километр авто замыг хатуу хучилттай болгохоор бэлтгэл ханган ажиллаж байна.

УЛИАСТАЙ-ЗАГАСТАЙН ДАВАА ЧИГЛЭЛИЙН 67 КИЛОМЕТР АВТО ЗАМЫГ ИРЭХ ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА

Б.Энх-Амгалан сайд Улиастай-Загастайн давааны 67 километр авто замын барилгын ажлын явцтай танилцлаа. Тэрбээр Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас эхлэн Улиастай сумаас 67 километрийн зайд буюу Загастайн давааны ар бэлд дуусах уг зам ашиглалтад орсноор Завхан аймгийн ард иргэдэд тав тухтай, аюулгүй, түргэн шуурхай зорчих боломж бүрдэхийн зэрэгцээ тус аймгийг зорих дотоод, гадаадын аялагч, жуулчдын тоо нэмэгдэж, орон нутгийн эдийн засагт томоохон дэмжлэг болох давуу талтайг онцолж байсан юм.

Мөн Завхан аймагт шинээр баригдаж буй авто вокзал, оношилгооны төвийн барилгын ажлын явцтай танилцаж, гэрээт хугацаандаа ашиглалтад оруулахыг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад үүрэг болгов.

Авто вокзалын барилга нь тэнхлэгээрээ 18x12 метр хэмжээтэй, 3 давхар, карказан хийцлэлтэй, үйлчилгээний зориулалттай барилга юм. Захиалагчийн техник, хяналтын гүйцэтгэгчээр Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, зураг төсөл зохиогчоор Барнаб ХХК, гүйцэтгэгчээр Хөх хайрхан трейд ХХК зэрэг байгууллагууд ирэх 10 дугаар сард багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.