Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орсноор эдийн засаг 3.7 дахин тэлнэ
2019.08.26

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орсноор эдийн засаг 3.7 дахин тэлнэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүрэлдэхүүн компани болох “Тавантолгой төмөр зам” ХХК-иас хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын танилцуулга уулзалтыг өнгөрөгч бямба гарагт Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Танилцуулга уулзалтад Монгол Улсын Засгийн газрын гишүүд, төр, хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагууд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, гүйцэтгэгч байгууллагууд, арилжааны банкууд зэрэг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцогч болон оролцох сонирхолтой байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам жилдээ 60 сая тонн нүүрс олборлох хүчин чадал бүхий Тавантолгой нүүрсний уурхайг болон Оюутолгой, Цагаансуварга, Ухаа худаг зэрэг уурхайг түшиглэн байгуулах стратегийн ач холбогдол бүхий дэд бүтцийн бүтээн байгуулалт аж. Энэ зам ашиглалтад орсноор Тавантолгойн бүлэг ордоос 30 сая тонн нүүрсийг төмөр замаар тээвэрлэх боломжтой болох бөгөөд Гашуунсухайтаар 30 сая тонн, Зүүнбаян-Сайншандын чиглэлээр 15 сая тонн, Цагаан дэл, Хангимандалын чиглэлээр тус бүр 10 сая тонн нүүрс тээвэрлэн экспортод гаргах Засгийн газрын зорилт биеллээ олж, эдийн засгийн өндөр үр өгөөж хүртэх боломжтой болох юм байна.

Тиймээс Засгийн газраас Тавантолгой, Оюутолгой, Цагаан суварга болон бусад ашигт малтмалын ордуудыг түшиглэн төмөр зам, авто зам, эрчим хүчний дэд бүтцийг барьж байгуулах замаар эдгээр уурхайгаас гарч буй ашигт малтмалыг боловсруулах аж үйлдвэрийн төвүүдийг Ханбогд, Цогтцэций, Сайншанд, Чойрт барьж байгуулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тогтвортой ажлын байр бий болгох зорилт тавин ажиллаж байна.

Одоогоор Үндэсний хөгжлийн газарт төр, хувийн хэвшлийн концессийн гэрээгээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн давхар авто зам, Цагаан дэл-Тавантолгой-Хангимандал чиглэлийн 270 км авто замын ажлыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Харин Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд нийт хоёр тэрбум орчим ам.доллар шаардлагатай тухай мэдээлэл өгөв. Түүнчлэн Тавантолгой-Хангимандал чиглэлийн төмөр замд 700-аад сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай аж.

Бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгийг “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрс урьдчилан борлуулах замаар болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газраас даалгаад байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 2018 оны зургаадугаар сарын 73 дугаар тогтоолоор “Тавантолгой нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажилд шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Энэ хүрээнд Засгийн газрын 2018 оны наймдугаар сарын 242 дугаар тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих зөвшөөрлийг “Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам” ХХК-д олгосон юм.

Засгийн газрын шийдвэрийн хүрээнд компанийн 66 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 34 хувийг “Монголын төмөр зам” ТӨҮГ-т тус тус эзэмшүүлэх, барилгын ажлыг 2019 оны наймдугаар сард эхлүүлэн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулахыг даалгаснаар ийнхүү Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн болжээ.

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам, авто зам болон нүүрс угааж баяжуулах, гүн боловсруулах үйлдвэр байгуулснаар Тавантолгой орчмын эдийн засгийн эргэлт жилийн 13 орчим тэрбум ам.доллар болох урьдчилсан тооцоо гарсан байна. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар 30 сая тонн ачаа тээвэрлэх ба 12 жилд хөрөнгө оруулалтаа нөхөх боломжтой гэсэн тооцоо гарчээ.

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ТӨМӨР ЗАМЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх бөгөөд Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл 240 орчим км гол замтай, хоёр өртөө, таван зөрлөгтэй, 16 гүүр, 126 хоолой, найман гарцтай байх юм. Төмөр замын барилгын ажил 2019 оны есдүгээр сард эхлэх төлөвлөгөөтэй ба 28 сарын дараа 2021 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орно.

Уг төмөр зам баригдсанаар жилдээ 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох боломжтой. Мөн Хятадын далайн боомт /Хуанхуа, Тянжин, Чиндао, Жинжоу/ болон гуравдагч орны зах зээл рүү тээвэрлэлт хийх боломж бүрдэж, Монгол Улсын уул уурхайн компаниуд хямд үнээр дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой болно.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг Германийн “DBI” комапни нарийн царигаар, Австралийн “АЕСОМ” компани өргөн царигаар хийгээд байгаа ба уурхайн төмөр замын болон хил холболтын төмөр замын судалгааны ажлууд хийгдэж байна. Түүнчлэн 208.5 дугаар км хүртэлх зураг төсөл 100 хувь хийгдэж, газар шорооны ажил 86.6 хувь, гүүр хоолойн ажил 52 хувийн гүйцэтгэлтэй хийгджээ. Иймд гүйцэтгээд байгаа ажлаа барьцаалан ямар ч санхүүгийн байгууллагаас зээл авах замаар хөрөнгө оруулалтаа босгох боломжтой гэж “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдлагууд үзэж байв.

ТӨМӨР ЗАМГҮЙН УЛМААС ӨДӨРТ 65 САЯ АМ.ДОЛЛАР АЛДАЖ БАЙВ

“Тавантолгой Төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал  “Хээрийн судалгаа, хиймэл дагуулын судалгаа, археологи, паленталогийн судалгаа, газарзүй, геологи, геодиз гээд бүх төрлийн судалгаа хийгдсэн.

Монгол Улсад сүүлийн 30 жил гарсан хамгийн том санхүүжилт болох Оюутолгойн дараа орох томоохон санхүүжилттэй төсөл. Нэг зүйлийг онцлоход, төмөр замын ажлыг зогсоосон хугацаанд улсын төсөвтэйгөө тэнцэх хэмжээний алдагдал хүлээгээд байгаа. Өдөрт 65 сая ам.долларыг алдаж байна гэсэн судалгаа гарсан. Энэ бол харамсалтай тоо. Тэгэхээр Монгол Улсын алдагдсан боломжийг эргүүлэн олж авах хэрэгтэй. Цаг хугацааг хүлээлгүйгээр төслийг яаралтай эхлүүлэх хэрэгтэй.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад нэг тэрбум 70 сая ам.долларын хөрөнгө шаардлагатай гэсэн ТЭЗҮ-ийг 2009 онд гаргаж байсан. Энд тодотгол хийвэл өртөг нэмэгдэнэ. Бид тодотголыг хийж байгаа. “Монголын төмөр зам” компани үлдсэн ажлын тооцоог гаргаж ирснээр 801 сая ам.долларын ажил үлдсэн гэж үзэж байгаа” хэмээн тайлбарласан юм.

ТОНН НҮҮРСНИЙ ТЭЭВРИЙН ЗАРДЛЫГ НАЙМАН АМ.ДОЛЛАР БОЛГОНО

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Манай компани 2018 оны УИХ-ын 73 дугаар тогтоолоор олон улсын хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө босгохын зэрэгцээ үндэсний бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил цэрэг, хүчний байгууллагууд болон мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор эрчимтэй өрнөж байна. Ажил төлөвлөгөөний дагуу өрнөж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд газар дээр нь очиж танилцсан. Энэ төмөр замын анхны хөрөнгө оруулалт болох 156 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой” компаниас санхүүжүүлсэн. Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн төмөр зам баригдсанаар одоогийн байгаа ганцхан гарцыг дөрөв болгон нэмэгдүүлэх боломжтой.

Мөн түүхий бүтээгдэхүүн биш эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлогын хүрээнд нүүрс угаах үйлдвэр, кокс химийн үйлдвэр баригдана. Хамгийн чухал нь 10 сая тонн төмөр үйлдвэрлэх гангийн үйлдвэр баригдаж Монголоос эцсийн бүтээгдэхүүн гурван гарцаар гарах боломж бүрдэнэ.

Түүнчлэн стратегийн ач холбогдолтой Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил эхэлж байна. Өнөөдөр манай нэг тонн нүүрсний тээврийн зардал 32 ам.доллар байгаа. Энэ өртөг найман ам.доллар болж буурна. Энэ хэмжээгээрээ эдийн засгийн үр ашиг нэмэгдэж, улсдаа оруулах орлого өснө. Энэ ажлыг Засгийн газрын 304 дүгээр тогтоолоор наймдугаар сарын 15-наас эхлүүлэх үүрэг өгсөн. Үүний дагуу бүтээн байгуулалтын ажлууд эхлээд явж байна. Төлөвлөгөөний дагуу 2020 он гэхэд 200 орчим км төмөр замыг барина.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн параллель авто зам барихад мөн анхаарна. Одоогоор нэг чиглэлийн замаар бид жилд 17 сая тонн нүүрс тээвэрлэж байна. Стандартын параллель авто замаар тээвэрлэж эхэлснээр хөдөлгөөний эрчим нэмэгдэж орлого өснө. Хамгийн гол нь жолооч нарын аюулгүй байдал хангагдана.

Түүнчлэн 2019 оны гуравдугаар улиралдаа багтааж нүүрс баяжуулах үйлдвэрийнхээ ТЭЗҮ-ийг батлуулаад барилгын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна. Бид 30 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай гурван блок үйлдвэр байгуулна. Үүнтэйгээ давхардуулаад хими-технологийн үйлдвэрийн ажлууд явагдана” хэмээн бүтээн байгуулалтынхаа ажлын талаар танилцууллаа.