Н.Цэрэнбат 2019.08.27 | Яамны хэвлэл мэдээллийн алба

ХБНГУ-ын Байгаль орчин, цөмийн аюулгүй байдлын яамны төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна

ХБНГУ-ын Байгаль орчин, цөмийн аюулгүй байдлын яамны төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын урилгаар ХБНГУ-ын Байгаль орчин, байгаль хамгаалал, цөмийн аюулгүй байдлын яамны парламент дахь төрийн нарийн бичгийн дарга Рита Шварцелюр-Суттер тэргүүтэй төлөөлөгчид наймдугаар сарын 23-28-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хатагтай Шварцелюр-Суттерийг  хүлээн авч уулзав. Уулзалтын хүрээнд талууд хоёр орны байгаль орчин, уур амьсгалын чиглэлээр хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байгааг онцлон тэмдэглээд цаашид ногоон эдийн засгийг хөгжүүлэх, эдийн засгийн салбаруудыг байгаль орчинд илүү ээлтэй техник, технологид тулгуурласан болгох талаар хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.

Хатагтай Шварцелюр-Суттер сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэхэд ХБНГУ-аас онцгой анхаарал хандуулж байгааг хэлээд хөдөө аж ахуйн салбарыг өртөг шингээсэн, хаягдал багатай болгох шаардлагатайг онцолсон юм.

Харин Н.Цэрэнбат сайд иргэдийн хандлагыг өөрчлөх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, ногоон зээл болон байгальд ээлтэй технологийг импортын татвараас чөлөөлөх зэрэг хувийн хэвшлийг дэмжих, уурь амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн төрөл зүйлийг хамгаалах, нутгийн иргэдийн амьжиргааг тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар дэмжих зэрэг санаачилгуудын талаар танилцууллаа.

Айлчлалын хүрээнд ХБНГУ-ын төлөөлөгчид уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын хэлэлцээрт оруулах Монгол Улсын төрөөс баримтлах бодлого, хувь нэмрийг боловсруулах ажлын хэсгийн хуралдаанд оролцохоос гадна Хустайн нурууны байгалийн цогцолбор, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар болон Багануурын нүүрсний уурхайн үйл ажиллагаатай танилцах юм. Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхайн яам, Гадаад харилцааны яам, Эрчим хүчний яамны төлөөлөлтэй уулзалт хийхээр төлөвлөөд байна.