Шүүх засаглалын өөрчлөлтөд хэн, юу хэлэв
2019.08.28

Шүүх засаглалын өөрчлөлтөд хэн, юу хэлэв

УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүй хоёр өдөр хуралдсангүй. Уг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн саналуудыг нэгтгэж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хоёрдугаар хэлэлцүүлгийг хийсэн байдаг.

Гэвч чуулганы хуралдаанаар хэлэлцэхийн өмнө шүүх засаглалтай холбоотой зохицуулалтуудын талаарх нэгдсэн санал нь задарсан бололтой. Тодруулбал, 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ес, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн саналд дөрвөн заалт байсныг нэгтгэж, нийт гурван заалт болгожээ. Үүнд шүүхийг хэрхэн байгуулах тухай, Шүүхийн ерөнхий зөвлөл ямар бүтэцтэй байх, шүүгчид хариуцлага тооцдог сахилгын хороо ямар бүтэцтэй байх вэ гэсэн үндсэн гурван асуудлыг тусгасан байна.

Харин бусад заалт болох шүүгчид тавигдах шаардлага, Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохдоо томилгооны сонсголд оруулж, томилох зэргийг төслөөс хасч, Шүүхийн хуулиар нь зохицуулахаар болсон тухай УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлсэн. Харин энэхүү шийдэлтэй зарим гишүүн санал нэгдэхгүй байгаагаа бүлгийн хурлын дараа мэдэгдсэн юм. Улмаар УИХ-ын чуулганыг өнгөрсөн даваа хуралдуулж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх байсан ч ирц бүрдээгүйгээс хуралдаан хойшилсон.

Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өчигдөр хуралдаж, шүүх засаглалтай холбоотой зохицуулалтыг хэлэлцсэний дараа УИХ-ын чуулганы хуралдааныг хуралдуулах гэсэн боловч дахин ирц хүрээгүйгээс хуралдаан хойшлов. Ингээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгах шүүх засаглалтай холбоотой зохицуулалтын талаар УИХ-ын гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа

-Төрийн институц хоорондын уялдаа холбоо, эрх үүргийн хуваарилалт нь өөрөө хараат бус, тэгш байх зарчмыг Үндсэн хуулийн энэ удаагийн өөрчлөлтөөр хийхийг зорьж байгаа. Ялангуяа шүүх засаглалд хүмүүс маш шүүмжлэлтэй хандаж байгаа учраас хараат бус байдлыг нь хангах ёстой. Нийгэм шударга байхын баталгаа нь шүүх засаглал шударга байхтай шууд холбоотой. Харин иргэд нийтээрээ шүүхэд итгэхээ больчихсон. Тиймээс аль болох шүүхийг хараат бус байлгах, нөлөөнд оруулах байгууллагуудаас хол байлгах нь зөв.

Зөвхөн одоогийн Ерөнхийлөгч ч биш үе үеийн төрийн тэргүүн шүүхийн байгууллагын удирдлагуудыг томилдог болсноор шүүхэд улс төрийн нөлөө орж байна гэсэн хардлага, жишээ баримтууд бий. Хараат бус ажиллах ёстой байгууллагын томилгоо, ажилд Ерөнхийлөгчийн оролцоо хэтэрхий их байгааг өнгөрсөн жилүүд харуулсан гэхэд болно. Гэтэл үүнийг өөрчилж байгаа нэрээр улам гүнзгийрүүлж болохгүй. Үнэхээр хараат бус байлгах гэж байгаа бол мэргэжлийн байгууллага нь олон нийтийн хяналт дор явах ёстой. Ингэхгүй бол хөндлөнгөөс орж ирж байгаа саналыг дэмжвэл Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэлээд нэмэгдүүлэх, хараат бус байдал алдагдах, эргэлзээ төрөх асуудал байгаа учраас анхны өргөн барьсан төслийг нь дэмжинэ.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав

-Шүүхийн тогтолцоонд асуудлууд бий. Бид шүүх засаглалын тогтолцоонд маш шүүмжлэлтэй байдаг. Ард нийтийн зүгээс ч их бухимдалтай байгаа. Шүүх засаглалыг шударга зөв болгохын тулд тодорхой өөрчлөлтүүд хийж байгаа. Жишээлбэл, Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүхээс гадна УИХ, ард иргэдийн төлөөллийг оруулъя гэж байгаа юм. Ингэж шударга ёс, эрүүл уур амьсгалыг бий болгох гэж оролдож байгаа юм.

Гэхдээ Дээд шүүхийн шүүгчийг 12 жилийн хугацаатай томилно гэдэгтэй санал нийлэхгүй байгаа. Ингэж болохгүй л дээ. 12 жилийн хугацаатай шүүгч томилох нь буруу гэдэгтэй санал нэгдсэн. Тиймээс хугацааг хэлэлцэхээ больё гэсэн. Тэр байтугай шүүгчээ хоёр жилийн хугацаагаар томилдог шүүх засаглалтай орон олон байдаг. Нэг хариуцлагагүй нөхрийг томилогдчихоод хугацаандаа дулдуйдаад ажлаа өгдөггүй байж болохгүй.

Тиймээс нэгдсэн саналтайгаар 12 жил гэдгийг болиулсан. Ерөнхийлөгч шүүх тогтолцоог өнөөдрийн байгаагаар үргэлжлүүлэх санал гаргасан. УИХ-ын гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийн зохицуулалтыг гишүүдийн олонх нь дэмжиж байгаа.

УИХ-ын гишүүн Л.Энхболд

-Би УИХ-ын гишүүдийн өргөн барьсан саналыг дэмжиж байгаа. Харин шүүгчдийг олон жилээр томилох саналыг өөрчилж байгаа. УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлд хоёр давуу тал бий. Шүүхийн ерөнхий зөвлөлийг 10 гишүүнтэй болгож тавыг нь парламент, тавыг нь мэргэжлийн байгууллагаас томилохоор тусгасан. Нөгөө нь иргэнийг оруулсан хариуцлагын зөвлөл байгуулахаар тусгасан нь чухал зохицуулалт. Хууль шүүхийн байгууллагыг бие даасан хараат бус байлгахын тулд энэ өөрчлөлтийг хийх хэрэгтэй.