2019.08.28

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын шав тавилаа

Нийслэлийн СХД-ийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн 9 давхар барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Барилгын шав тавих ёслолд УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга З.Отгонбаяр, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, ЭМТ-ийн дарга Ж.Болортуяа, ЭМТ-ийн хамт олон, "Хөх бүрдний эх" ХХК-ийн захирал Н.Энхтайван болон барилгачид оролцов.

СХД-ийн Эрүүл мэндийн төв 1987 онд Зочид буудлын зориулалтаар барьсан барилгыг эмнэлгийн зориулалтаар өнөөг хүртэл ашиглаж байна. Цахилгаан шатгүй тул дамнуурган дээр өвчтөнөө өргөөд шатаар өгсөнө, ханиад томууны улирлын үед ачаалал 2 дахин нэмэгдэж коридорт өвчтөнүүдээ хэвтүүлдэг зэрэг маш олон хүндрэл бэрхшээл байдаг тул эмнэлгийн өргөтгөл барих тухай өргөдөл хүсэлтийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжавд хаяглан иргэд болон эмнэлгийн ажилчдаас маш ихээр ирүүлж байсан.

Өнөөдөр энэ бүхэн ажил хэрэг болж ийнхүү барилгын ажил эхэлж байна. Уг эмнэлгийн зураг, төсвийг "Мөнх тогтвортой хөгжил сан" ТББ тусламжтайгаар хийж гүйцэтгэсэн. Иргэд тун удахгүй олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн, мэс заслын тасагтай 200 ортой эмнэлэгтэй болох нь ээ.