О.Баасанхүү 2019.08.28 | Vip76.mn

О.Баасанхүү: Миний оруулсан саналууд энэ төсөлд алга байна

УИХ-ын ээлжит бус чуулганы /2019.08.28/ өнөөдрийн үдээс хойших  нэгдсэн хуралдаан  15 цаг 30 минутанд эхэллээ.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга  Г.Занданшатар, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд, “Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн ирцтэй бол түүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ” хэмээн заасныг тодотгон хэлээд төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхлүүллээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

"Би энэ хуулийн төсөлд гарын үсэг зурсан 62 гишүүний нэг. Яг одоо санал хураах гэж байгаа энэ зарчмын зөрүүтэй 60 санал дотор миний нэг ч санал болон гарын үсэг зурахдаа хүлээж байсан өөрчлөлтүүд алга. Өргөн барьсан гишүүний санал байхгүй зүйлийг өргөн барьсан гэхэд хэцүү болжээ. Засгийн газар  хууль өргөн бариад явбал өргөн барьсан санал нь 60-70 хувь нь байхгүй бол буцааж хууль санаачлагчид нь өгдөг. Гэтэл энд ядаж ажлын хэсэгт оруулаагүй. Улс төрийн намын тухай хуулиар ярьвал УИХ-д сонгогдсон гишүүнээрээ дамжуулж улс төрийн нам төрийн бодлогод орно гэж байдаг. Айлын эрх хүүхэд шиг төрийн бүх өндөрлөгийг авсан, бүх албанд ажиллаж үзсэн хүн 60 хүрэхээрээ өтлөөд хөгширөөд эрхлээд явж байгаа болохоор аав шигээ хүнийг би загнаад явалтай биш. ТВ-ээр ярихыг нь сонсоод л байгаа. Гэхдээ хууль хэрэгжүүлж байгаа УИХ нь МАХН гэж 114000 хүнээ сирсэн саналыг авах ёстой. Харамсалтай нь АН-тай хамтран сөрөг хүчний бодлого хэрэгжүүлнэ гэснээс биш АН-ын гишүүн болно гээгүй шүү.

Хэн ч хуулийн төсөлд санал өгөх эрхтэй. Гэхдээ өргөн барьсан төслийн хүрээнд санал өгөх ёстой. Жишээ нь би Дээд шүүхийг хууль санаачлах эрхтэй байхаар санал өгмөөр байна. Шүүх бол засаглалын нэг хэлбэр. Гэтэл 21.1, 21.2-т Ерөнхийлөгч санал гаргаж болдог. Бид үүнийг тойрч ярьдаг. Энэ зөв үү? Энэ саналаар санал хураалгаж болох уу?

Ард нийтийн санал асуулга явуулна гэхээр энэ хуулийг батлах нь зөв буруу гэж асууж л таарах гээд байна. Энд 70-80 хувь нь гайгүй зүйлс байсан. Асар олон цаг орсон. Гэтэл үүнд ард түмэн огт ойлгохгүй 5 асуудал байна. Бүх эрх мэдэл ард түмэнд байгаа юм бол ард түмнээсээ асууя. 99 үү 76 юу 108 хүнээр төлөөлүүлэх үү гэдгийг? Мөн байгалийн баялаг, баялгийн сангийн талаар хувилбар гаргаад асууж болохгүй юм уу?

Гоё заалтаараа сурталчилгаа хийгээд тааруухан заалтыг чинь ард түмэн амьдралаа авч явах гэж ядаж байгаа хүмүүс ойлгохгүй ээ. Тиймээс ард нийтийн санал асуулга явуулахдаа тодорхой зүйлсийг асууна гэж асууж болох уу?"

Түүний асуултанд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хариуллаа.