Л.Элдэв-Очир 2019.08.28 | Vip76.mn

Л.Элдэв-Очир: Тогтолцоо болон гишүүдийн тоогоор оролдох шаардлагагүй

УИХ-ын ээлжит бус чуулганы /2019.08.28/ өнөөдрийн үдээс хойших  нэгдсэн хуралдаан  15 цаг 30 минутанд эхэллээ.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга  Г.Занданшатар, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд, “Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн ирцтэй бол түүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ” хэмээн заасныг тодотгон хэлээд төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхлүүллээ. 

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:

"Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хэт хавтгайрсан, нам улс төрийн нөлөөтэй өөрчлөлтөөс татгалзая. Судалгаанд суурилсан нэн чухал хэрэгцээтэй асуудлыг л оруулмаар байна гэж саналаа зүйл бүрээр нь ТББХ болон ажлын хэсэгт хүргүүлсэн. Түүнээс хойш үйл явдал нилээд зөрчил маргаантай ч амжилттай явж байна. Зөвшилцлийн ажлын хэсэг чамгүй хугацаанд сайн ажиллалаа. 2 төслийн гол асуудал бий. Авах гээхийн ухаанаар хандаад 2 дахь хэлэлцүүлгийн энэ саналууд бий болсон. Аливаа улсын их хурлын гишүүн хүн хууль батлахдаа хувийн, хэсэг бүлгийн, компани, бүлэглэлийн эрх ашиг бус зөвхөн эх орон ард түмний эрх ашгийн төлөө батлах ёстой. Ялангуяа Үндсэн хуулиа гишүүд хэн нэгний нөлөөнд орж асуудалд хандаж болохгүй шүү.

Учир нь ийм хандлага бий болсон. Тодорхой хэмжээгээр гишүүдэд дарамт шахалт үзүүлсэн, барьцаалсан асуудал хөшигний ард явж байгааг бид мэдэх ёстой. Ялангуяа хэлэлцүүлэг дээр 2-3 асуудал бий. Тогтолцоо, гишүүдийн тоо зэрэг дээр би анхнаасаа хатуу байр суурьтай байгаагаа хэлсэн. Одоо тоогоор оролдох хэрэггүй. Элдэв билэгдэл яриад хэрэггүй. Энэ тоо Монгол Улсын хөрсөнд буусан байх ёстой. тогтолцооны асуудал ч ялгаагүй. Яагаад ард түмнийг будлиулах гээд байгаа юм бэ? Пропорциональ, холимог тогтолцооны элемент оруулах гээд байгаа юм бэ? Үндсэн хуульд байгаа сонгуулийн тогтолцооны дархлааг хэдүүлээ үлдээе л дээ.

Миний анхнаасаа барьсан зарчим бол Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа бол ард нийтийн санал асуулгаар оруулах ёстой. Тэгэхгүй бол дараа нь УИХ-руу буруу чихдэг асуудал байсаар байна. Энэ хэлэлцүүлгээс хүлээж байгаа зүйл бол шаардлагагүй саналуудаа унагаад шаардлагатайг нь хэлэлцээд явах ёстой. Ажлын хэсэг үүнийг ард түмнээрээ хэлэлцүүлээд оруулж ирэх ёстой байх. Зарим нэг гишүүн өөрийнх нь улс төрийн шинжтэй заалт унавал дараагийн улс төр хийнэ гэсэн байдлаар хандаж болохгүй. Улс төрийн зорилготойгоор тогтолцоо болон гишүүдийн тооны санал орж ирсэн гэдгийг би гадарлаж байна."

Түүний асуултанд төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд нар хариуллаа.