О.Баасанхүү 2019.08.30 | Vip76.mn

О.Баасанхүү: Хуйвалдааны зарчмаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.08.30/  нэгдсэн хуралдаан 80,3 хувийн ирцтэйгээр дөнгөж сая эхэллээ.  Чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж хийнэ.

Өчигдрийн үдээс хойших хуралдаанаар намын дотоод зохион байгуулалт, намын үйл ажиллагааны журам, санхүүжилттэй холбоотой заалтуудаар мөн парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой саналын томьёоллуудаар  тус бүр  санал хураалт явуулсан. Санал хураалт үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

"Энэ ямар ч шаардлагагүй заалт байна. Ерөнхий сайдыг нэг ч хэлэлцүүлэгт оруулж сайн ажиллаарай, төсвөө ингэж батлаарай гэж хэлдэггүй биздээ? Харин шүүгчийг оруулж ирээд хэлэлцээд, Ерөнхийлөгчрүү явуулдаг байсан. Одоо үүнийг болиод Ерөнхий сайдаа томилъё, Ерөнхий сайд нь бусад сайд нараа томилдог. УИХ-ын гишүүд санхүүгийн санхүү, төсвийн шийдвэр бие даан гаргах эрхгүй гэж байна. Тунхагийн шинжтэй ийм зүйлээр яах гэж байгаа юм бэ?

Ерөнхий сайдаа томилж чадахгүй бол парламент тарна. Ерөнхий сайдаа огцруулья гэвэл бушуухан дараагийн хүнийг олж батлах ёстой болж байна. Тэгэхээр ерөнхий сайд дураараа жиргэж дунд чөмөгөөрөө тоглож, ерөнхийлөгч шиг ерөнхий сайд эрх мэдэлтэй болох нь л дээ.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг хуйвалдаанаар хийхээ боль гэж би хэлээд байна. 62 гишүүн гарын үсэг зураад төслийн заалт гэж бий. Үүн дээр нь үгээ хэлээд, дэмжиж байгаа эсэхээ хэлж, дараа нь ажлын хэсгийн заалт буюу хуйвалдагчдын төслийн заалтуудыг хийж байна. Би ажлын хэсэгт ороогүй учраас хуйвалдаанаар орж ирсэн заалтуудыг дэмжээгүй. Үгээ хэлэх гэхээр эрхийг минь хааж байна. Одоо санал хураалтаа хар бөөн "төмсөгдүүлсэн" хүмүүс байна. Үүнийг ярихаар болохгүй гэхийн.

Хуйвалдааны зарчмаар Үндсэн хуулийг өөрчлөх замаар төрийн эрх барихгүй. Та нарт 4 жилийн эрх өгсөнөөс биш 40 жилийн эрх өгөөгүй шүү."