Б.Баттөмөр 2019.08.30 | Vip76.mn

Б.Баттөмөр: Хөгжлийн бодлого, төлөвлөлттэй байна гэж Үндсэн хуульдаа оруулах ёстой

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.08.30/  нэгдсэн хуралдаан 80,3 хувийн ирцтэйгээр дөнгөж сая эхэллээ.  Чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж хийнэ.

Өчигдрийн үдээс хойших хуралдаанаар намын дотоод зохион байгуулалт, намын үйл ажиллагааны журам, санхүүжилттэй холбоотой заалтуудаар мөн парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой саналын томьёоллуудаар  тус бүр  санал хураалт явуулсан. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

"Хуулийн төслийн 12-т Монгол Улсын эдийн засаг нийгмийн хөгжлийг урт дунд хугацааны нэгдсэн бодлого төлөвлөлттэй байна. Бодлого төлөвлөлтийг тогтвортой, залгамж чанартай хэрэгжүүлнэ гэж оруулсан. Харамсалтай нь дэмжигдээгүй. 25.1.7-д хөгжлийн бодлого төлөвлөлттэй байна, тогтвортой  гэсэн заалт харин дэмжигдээд явж байна. Ер нь аливаа хөгжил бол төлөвлөлтгүй байна гэж байдаггүй. Монгол Улс 30 жилийн хугацаанд төлөвлөлтгүй явсан. Социализмын үед улсын төлөвлөгөөний комисс гэж байсан. Дарга нь шадар сайд нь байсан. Тэр үед улс хөгжиж байсан. Өнөөдөр хөгжлийн бодлогыг хэн хариуцаж байна вэ? Засгийн газар уу? харамсалтай байна. Хөгжлийн бодлого байхгүй. Төрийн зохицуулалтгүй учраас ингэж явж байна. Тиймээс бид Үндсэн хуульдаа хөгжлийн төлөвлөлт, бодлогыг оруулж өгөх хэрэгтэй байна.

Хөгжлийн бодлого байхгүй учраас дотор нь хийгдэх ажлууд эзэн биегүй хаягддаг. Худалдааны бодлого хаягдсан учраас чөлөөт бүс байгуулах ажил олон жил хөсөр хаягдсан. Үйлдвэрлэлийн бодлого ч байхгүй байна. Сурагчийн формоо ч дотооддо хийхгүй урдаас зөөсөөр байна. Тиймээс хөгжлийн бодлого хэрэгтэй байна."