Ц.Мөнх-Оргил 2019.08.30 | Vip76.mn

Ц.Мөнх-Оргил: Ирээдүйд маргаан дагуулах заалтуудаа дараагийн хэлэлцүүлэг дээр хасаад явах хэрэгтэй

УИХ-ын ээлжит бус чуулганы /2019.08.30/ өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ.

Ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төрийн санхүү, зээл, албан татвар, улсын төсвийг хэлэлцэж батлах, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэхтэй холбогдсон төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлж байна.

Хуралдаанаар 150 гаруй зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, санал бүр дээр гишүүд үг хэлж, саналаа илэрхийлж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

"Би 62 гишүүний тоонд ороогүй. Учир нь заавал Үндсэн хуульд орох шаардлагагүй, нэг талаас организ хуулиар зохицуулагдах, нөгөө талаас төрийн бодлого ёс зүйгээрээ зохицуулагдаад явах боломжтой зүйлийг заавал Үндсэн хуулиар тулгаж оруулж ирээд байгаа юм. Гэхдээ саналууд дотор ганц ололттой, тусгалаа Үндсэн хуульд олох ёстой заалт бол 25.1.7-г нэмж оруулж байгаа УИХ Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр төсвийн зарлагыг нэмэгдүүлдэггүй байх заалт юм. Энэ бол нэг талаас цагаа олсон. Өнгөрсөн 30 жилийн туулж өнгөрүүлсэн хугацаанд заавал Үндсэн хуульд тусгалаа олох ёстой зүйл мөн. Нөгөө талаас онолоороо ийм байх ёстой. Олон улсад ийм жишиг туршлага бий.

Өргөн барьсан төслийг ажлын хэсэг яг энэ хэсэг дээр илүү сайжруулсан байна гэж бодож байна. Энэ бол УИХ-ын эрхийг хязгаарлаж байгаа мэт боловч зарлага нэмдэг эрхээсээ татгалзаад, орлого, зарлагын бүтцийг өөрчилдөг эрхээ авч үлдэх нь зүйтэй.

Мөн энэ заалт дотор гуя дагаж хүзүү гэдэг шиг улам дордуулсан заалт явж байна. Одоогийн Үндсэн хуульд Засгийн газрын үйл ажиллагаан хөтөлбөрийг УИХ батална гэж маш тодорхой заасан байдаг. Гэтэл ажлын хэсэг хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн ... гэж тодотгол оруулж ирсэн. Энэ бол ойлгомжтой зүйл. Одоо ямар аюул байна гэхээр Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө оруулж ирэхэд хөгжлийн болон аюулгүй байдлыг хангаагүй байна гэж Цэцэд маргаан үүсэх эрсдэл байна. Иймэрхүү илүү тодотгол оруулах шаардлагагүй.

Хөгжлийн бодлого төлөвлөлт тогтвортой байна гэж заалт байна. Угаасаа тогтвортой байх ёстой. Үндсэн хуульд байхгүй учраас тогтворгүй байгаа юм уу? Үгүй. Хэрэгжүүлэх ёстой этгээдүүдээс л болж тогтворгүй байна. Гэтэл Үндсэн хуульдаа ингээд тунхаглаад оруулчихаар яг тогтвортой болчих уу? Үүнийг 3 дугаар хэлэлцүүлэг дээр хасах хэрэгтэй.

1992 оны Үндсэн хууль маш сайн, нэг ч илүү үггүй хууль юм. Одоо байгаагаар нь ч хэрэглэх боломжтой. Өнгөрсөн удаад хийсэн дордуулсан 7 өөрчлөлт дордуулаагүй. Давхар дээл л нэмсэн болохоос бусад өөрчлөлт нь УИХ, Засгийн газар үйл ажиллагаагаа хэвийн явуулах, гацаанаас гаргасан хууль байсан."