Даваасүрэн.Ц 2019.08.30 | Vip76.mn

Ц.Даваасүрэн: Намын мөрийн хөтөлбөр улсын хөгжлийн хөтөлбөрийг эвддэг

УИХ-ын ээлжит бус чуулганы /2019.08.30/ өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ.

Ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төрийн санхүү, зээл, албан татвар, улсын төсвийг хэлэлцэж батлах, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэхтэй холбогдсон төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлж байна.

Хуралдаанаар 150 гаруй зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, санал бүр дээр гишүүд үг хэлж, саналаа илэрхийлж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

"Бид Үндсэн хуульдаа маш том өөрчлөлт хийх гэж байна. Тиймээс сайн ярилцах ёстой. 500 гаруй депутат ярьж болсон хуулийг бид 76-лаа суучаад залхуураад нэгнээ ярихаар төвөгшөөж болохгүй. Улс орон, ард түмний хувь заяаг хэдэн арван жил шийдэх хууль батлах гэж байгаа гэдгийг маш сайн олгох хэрэгтэй. Бүх зүйлийг Үндсэн хуульдаа хийчихвэл хэрэгжээд явна гэж бодож байгаа бол худлаа шүү. Бид хөгжлийн яам, агентлагтай байсан. Гол нь хэрэгжүүлэхгүй, бодлого үймүүлж байгаа ганц л зүйл бий. Энэ бол намын мөрийн хөтөлбөр. Нам нь боловсруулахдаа хачин хийж байгаа. Энэ нь явсаар Засгийн газрын мөрийн хөтөлбөр болдог. Үндсэн хуульдаа оруулаад ч өөрчлөгдөхгүй. Тиймээс сайн ярилцах ёстой."