Б.Баттөмөр 2019.08.31 | Vip76.mn

Б.Баттөмөр: Гадаад зээлийн талаар баримтлах бодлогыг шинэчлэх хэрэгтэй

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.08.30) үдээс хойших нэгдсэн хуралдаан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой саналын томьёоллуудын санал хураалтаар үргэлжиллээ.

Ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төрийн санхүү, зээл, албан татвар, улсын төсвийг хэлэлцэж батлах, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэхтэй холбогдсон төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Монголчууд үе үедээ их өр тавьж ирсэн. Дотоод нөөц бололцоогоо ашигладаггүй орон гэж байдаг юм манай орон түүний нэг болоод байна. Өөрсдөө дотоод нөөц бололцоогоороо хийчих юмаа өр тавьж гаднаас авдаг. Энэ өрийн удирдлагын бодлого гэдэг бол хөгжлийн бодлогын нэг хэсэг хөгжлийн бодлого муу учраас өрийн удирдлага нь муу байна. Энийг харин үндсэн хуульд зааж өгөх ёстой юм уу органик хуулинд зааж өгөх ёстой юм уу гэдэг дээр сайн анхаарах хэрэгтэй.

Монгол улсын нийт гадаад өр 30 тэрбум доллар болчихсон. Тэгэхээр жилд нэг тэрбум долларын өр үйлдвэрлэсэн гэдэг үнэн болж байна. Өрийн удирдлага дээр жил болгон анхаарал хандуулж байх хэрэгтэй. Засгийн газрын гадаад зээлийн талаар баримтлах бодлого гэж байгаа үүнийг шинэчлэх хэрэгтэй.

Өр үүсгэж бий болгосон хөрөнгө оруулалтаасаа тэр үр ашгийг нь заавал авч байх хэрэгтэй. Энэ заалт их чухал заалт анхаарах ёстой асуудал мөн гэхдээ энийг үндсэн хууль, органик хуульд уу гэдгээ тогтох шаардлага байна гэж үзэж байна.