Соён гэгээрүүлэх үйлсэд ТҮҮЧЭЭЛЭН АЖИЛЛАХЫГ уриаллаа
2019.09.01

Соён гэгээрүүлэх үйлсэд ТҮҮЧЭЭЛЭН АЖИЛЛАХЫГ уриаллаа

Есдүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг нар Монгол Улсын Консерватори (хөгжмийн дээд боловсролын байгууллага)-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, баяр хүргэлээ.


 

Хуучин Хөгжим бүжгийн коллежийг олон улсын жишгээр хөгжмийн дээд боловсрол олгох Консерватори болгосон нь гадаадын улс орнуудад өндөр зардлаар суралцдаг байсан сонгодог хөгжим, үлээвэр, цохилуур хөгжим, хөгжмийн онол, хөгжмийн зохиолч, удирдаач, сонгодог бүжигчин зэрэг нарийн мэргэжлээр эх орондоо суралцах өргөн боломжийг нээсэн юм.

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ

“Сүүлийн 30-аад жил урлаг соёлын салбараа орхигдуулжээ, урлаг соёлоо дэмжиж байж улсын дайтай улс болно. Монгол Улсын Засгийн газраас соёл, урлагаа хөгжүүлэх, ард түмнийхээ урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилт тавин олон улсын жишигт нийцсэн театр, чуулга, музей, аялал жуулчлалын цогцолбор барьж байгуулахаар шийдвэрлэж, иргэдээ соён гэгээрүүлэх төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байна” гээд оюун санааны талх, тариа адил маш чухал энэхүү үйл хэрэгт Монгол Улсын Консерваторийн хамт олныг түүчээлэн ажиллахыг уриаллаа.

“Цүнхээ даахгүй бяцхан шавь нар маань эх орныхоо нэрийг дэлхийн тайзанд дааж яваа” гэдгийг Монгол Улсын Консерваторийн захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн, профессор Ц.Пүрэвхүү нээлтийн үгэндээ онцоллоо. Өнгөрсөн хичээлийн жилд давхардсан тоогоор тус сургуулийн 500 гаруй оюутан, сурагчид улсын болон олон улсын чанартай 40 гаруй уралдаан, тэмцээнд оролцож, гранпри цом, медаль, шагнал хүртсэн байна.

Сонгодог болон үндэсний хөгжим, бүжиг, цирк, хөгжмийн ухаан, дуулаачийн мэргэжлийн сургууль, хөгжмийн сургалттай ерөнхий боловсролын сургууль зэрэг бүрэлдэхүүн сургуулиуд, түүний 20 гаруй тэнхимтэйгээр хичээл сургалтаа явуулдаг Монгол Улсын консерватори энэ хичээлийн жилд шинээр магистрын сургалт эхлүүлж, цаашид докторын сургалт явуулах бэлтгэл хангаж байгаа ажээ.