БНХАУ-ын дарга Си Жиньпиний бүтээлүүд монголчуудын хүртээл болов
2019.09.02

БНХАУ-ын дарга Си Жиньпиний бүтээлүүд монголчуудын хүртээл болов

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын дарга Си Жиньпиний “Төр улсыг засахуй”, “Ядуурлаас ангижруулахуй” хэмээх хоёр бүтээл монгол уншигчдын гарт очлоо.

Энэхүү бүтээлийг нээх ёслолыг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, Монгол Улсын ГХЯ, БНХАУ-ын Гадаад хэлийн ном хэвлэн түгээх газар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, ХКН-ын ӨМӨЗО-ы Намын хорооны Суртал ухуулгын газар, БНХАУ-ын Гадаад хэлний номын хэвлэлийн газар, “Адмон “хэвлэлийн газар хамтран зохион байгуулав.

Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт илгээснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Г.Тэгшжаргал уншиж сонордуулав.

Нээлтэд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хэлэхдээ,

“Энэхүү ном нь Англи, Франц, Герман, Орос, Араб, Испани, Япон гээд дэлхийн олон хэл рүү орчуулагдан, улс төр, эдийн засаг, бизнес, нийгэм, соёл, түүх, хүмүүнлэгийн салбарынхны анхааралд хүрч, төр, нийгмийн зүтгэлтнүүд, салбар бүрийн мэргэжилтэн, хятад судлал, олон улсын харилцааны эрдэмтэн судлаачдын үзэж судлах гарын авлага, ширээний ном болно гэдэгт итгэлтэй байна. Уг бүтээлд БНХАУ-ын дарга Си Жиньпиний дэвшүүлсэн “Хятад мөрөөдөл” бүтээх, мөн 2050 онд БНХАУ байгуулагдсаны 100 жилийн босгон дээр “Хятадын онцлогтой хөгжингүй социализмыг цогцлоон байгуулна” гэсэн зорилтод хүрэхийн төлөө тус улсын төр засгаас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл орсон нь уншигч олны анхаарал татсан сэдэв гэдэгтэй та бүхэн санал нийлнэ биз ээ” хэмээв

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар,

“Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн тэгш ойн хүрээнд улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн олон ажил зохион байгуулж байна. Түүний дотроос номын нээлтийн ёслол их чухал. Ер нь хөрш орнуудын бодлого орон зай, цаг хугацааг дагаад хаашаа хэрхэн өөрчлөгдөж буйг мэдэхийн тулд хамгийн гол шийдвэр гаргагчийн бичиж буй номуудыг олж унших, судлах нь зүйтэй юм. Бодлого гаргана гэдэг ном, судалгаанд тулгуурладаг. Тэрхүү судалгааг хийхийн тулд, тухайн улсын бодлого гаргагчдын тархинаас ундарч буй мэдээлэл туршлагыг бичсэн номыг уншиж, судалж байж арга барил, туршлагаас нь судлах боломж бүрдэнэ. Иймд БНХАУ-ын дарга Си Жиньпиний бичсэн хоёр ном монгол хэлээр хэвлэгдэн гарч буйд баяртай байна” хэмээв.


Энэ ном олон орны уншигчдын талархлыг хүлээж дэлхийн олон улсын нийгэмд өнөөгийн Хятад улсыг ойлгох гол цонх болж байгааг номын орчуулагчид хэлж байлаа.

Си Жиньпин БНХАУ-ын удирдлагаар томилогдсоноос хойш Хятад улс, Хятадын ард түмнийг удирдан жолоодохдоо хуримтлуулсан мэдлэг, туршлагадаа тулгуурлан хэлсэн үг, гаргасан шийдвэр, илтгэл, өгүүллүүдээ эдгээр номдоо оруулжээ.

 “Төр улсыг засах тухай” номын I ботид Си Жиньпиний 2012 оны 11 дүгээр сарын 15-наас 2014 оны 6 дугаар сарын 13-ныг хүртэлх хугацааны чухал бүтээлүүд, түүний дотор хэлсэн үг, ярилцлага, илтгэл, асуултад өгсөн хариу, заавар, баярын илгээлт зэргийг багтаажээ. Олон улсын хамтын нийгэмлэгээс өнөө цагийн Хятадын талаар голлон сонирхож байгаа асуудалд хариулт болгосон сэдвүүдийг 18 бүлэг болгон хувааж, бүлэг тус бүрийн агуулгыг цаг хугацааны дарааллаар оруулсан байна. Уншигчдад дөхөм болгож, хятад улсын нийгмийн байгуулал, түүх соёлын тухай ойлголтыг нэмэхийн тулд шаардлагатай нэмэлт тайлбар хийжээ.

Номын нэрээ “Ядуурлаас ангижруулахуй” хэмээн нэрлэсний утга нь, юуны өмнө үзэл ухамсар ба бодол сэтгэлгээгээ ядуурлаас ангижруулах нь чухал юм. Ингэж байж өөрийн хариуцан удирдаж буй нутаг орноо ядуурлаас ангижруулж, улмаар улс орноо, бүх үндэстнээ “ядуурлаас ангижруулж” хөгжин цэцэглэж, чинээлэгжих замд хөтлөн түүчээлж чадна хэмээн зохиогч дурджээ.

Номын нээлтэд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-ын ХКН-ын Төв хорооны суртал ухуулгын газрын дэд дарга Жиан Шиэн Гоу,  БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин, ХКН-ын ӨМӨЗО-ы Намын хорооны Суртал ухуулгын газрын дарга Бай Юнган, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх болон бусад албаныхан оролцов.