2019.09.02

Хан-Уул дүүргийн "Буянт-Ухаа цогцолбор" сургууль болон 114-р сургуулиудын 2 ээлжээр хичээллэж эхэлнэ

УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Нийслэлийн Хан-Уул дүүргийн 114, 59 дүгээр сургууль, "Буянт-Ухаа цогцолбор" сургуулийн Хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, багш, ажилчид болон сурагчдад мэндчилгээ дэвшүүллээ. 

Энэ хичээлийн жилд 114 дүгээр сургуулийн 1 дүгээр ангид 200 хүүхэд элсэн орж, нийт 1600 орчим хүүхэд, "Буянт-Ухаа цогцолбор" сургуулийн 1 дүгээр ангид 450 хүүхэд элсэн орж, нийт 3000 хүүхэд тус тус суралцаж байгаа бол 59 дүгээр сургуулийн 1-р ангид 131 хүүхэд элсэн орж, нийт 780 хүүхэд тус тус суралцаж байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тойргийнхоо сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр анхааран ажиллаж байгаа. 

Энэ хүрээнд 2019-2020 оны улсын төсвийн хөрөнгөөр энэ хичээлийн жилд 3 сургууль, 4 цэцэрлэгийн өргөтгөл баригдана. Үүнээс "Буянт-Ухаа цогцолбор" сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөл, 49 дүгээр цэцэрлэгийн 100 ортой өргөтгөлийг 9 сардаа багтан ашиглалтад орно. 

Ингэснээр Хан-Уул дүүргийн 114 дүгээр сургууль, "Буянт-Ухаа цогцолбор" сургуулиудын  3 ээлжээр хичээллэж байсан байдал арилж, энэ хичээлийн жилээс хоёр ээлжинд шилжин хичээллэхээр болж байна.