А.Ундраа: Намын рейтингээр дулдуйдан хэн ч сонгогдож мэдэх учраас ПРОПОРЦИОНАЛ СИСТЕМТЭЙ холихыг ДЭМЖИХГҮЙ
2019.09.04

А.Ундраа: Намын рейтингээр дулдуйдан хэн ч сонгогдож мэдэх учраас ПРОПОРЦИОНАЛ СИСТЕМТЭЙ холихыг ДЭМЖИХГҮЙ

Эх сурвалж: Өдрийн сонин, Сэтгүүч ОТГОНШАРАВЫН АРИУНЦЭЦЭГ

УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.


-Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаас парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтүүдээр санал хураалт явуулж эхэллээ. Хууль батлах босгыг өндөрсгөсөн зохицуулалт дэмжигдсэн. Энэ мэт өөрчлөлтүүдэд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хууль батлах босгыг өндөрсгөхтэй холбоотой заалтуудыг миний хувьд дэмжиж байгаа. Гишүүд ердийн олонхоороо, 39-үүлээ нэгдсэн хуралдаан эхлүүлээд тэдгээр гишүүдийн 51 хувь болох 20 гишүүн хууль баталдаг байдлыг арилгаж, гишүүд заавал олонхоороо хууль баталдаг болж байна. Гэхдээ зүйл, заалт бүр дээр нь бус хуулийг эцэслэн батлах үед нь ийнхүү олонхоороо санал өгөх юм. Баасан гаригт хэлэлцсэн асуудлуудад ихэвчлэн намын бүлгийн байр суурийг дагаж байна. Бүлэг дээр ярилцахаас гадна тухайн хувь гишүүд өөр, өөрсдийн гэсэн байр суурьтай байж, үзэл бодол, зарчмаа дагах тохиолдол бас гарч таарна.

-Парламент хяналтын түр хороотой болох боломжтой болчихов уу?

-Гүйцэтгэх засаглал тогтвортой ажиллах үйл явц бол маш чухал. Гэсэн ч бид парламентын засаглалтай улс учраас парламентын гүйцэтгэх засаглалд болон бусад институцид тавих хяналтыг бэхжүүлэх явдал чухал. Харин энэхүү заалт батлагдсанаар парламент тодорхой асуудлаар Хяналтын түр хороо байгуулах боломж бүрдэнэ. Маш олон гишүүн бусад улс орнуудын парламент хянан шалгах үүргээ хэрхэн биелүүлдэг, Их хуралд үнэн зөв мэдээлэл өгөхгүй бол үр дагавар нь юу байдаг талаар тодруулж байна. Бусад улс орнуудад энэ зохицуулалт маш хатуу байдаг. УИХ-ын Байнгын хороо, түр хороо, ажлын хэсгийн хуралдаан дээр төрийн албан хаагчид, хариуцлагатай ажилтнууд дутуу мэдээлэл өгөх, таамгаар ярих, санаатай болон санамсаргүйгээр худал мэдээлэл өгөх байдал ажиглагддаг. Энэ үйлдлийг хариуцлагагүй явдал гэж боддог. Тэр хүмүүс олон нийтийн өмнө буруу хэрэг хийж байна. Учир нь үнэн зөв мэдээлэл дээр тулгуурлаж төрийн бодлого шийдвэр зөв гарна. Төрийн ажил хийж байгаа хүмүүс албан ажлаа мэдэхгүй хариуцлагагүй хандаж, дутуу мэдээлэл өгнө гэдэг байж боломгүй зүйл. Нэг жишээ татахад АНУ-ын Сенатын Байнгын хороонд буруу мэдээлэл өгөх юм бол шийтгэл нь 250 мянга хүртэл ам.долларын торгууль болон таван жил хүртэлх хорих ял байдаг. Ийм хатуу шийтгэлтэй учир маш хариуцлагатай ханддаг. Үнэхээр мэдэхгүй асуудал байвал тэрийгээ илэрхийлэх ёстой юм. Төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой, авлига хээл хахуулийн хэргийг бууруулахад парламентын хянан шалгах эрх мэдлийг бэхжүүлэх замаар олон нийтэд ил нээлттэй хяналтыг сайжруулж байгааг зөв зүйтэй гэж үзэж байна.

-“Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж болохгүй” гэх заалтыг дэмжлээ. Энэхүү заалтын ач холбогдлыг юу гэж харж байгаа вэ?

-Төслийн сахилга бат, хариуцлага маш чухал. Өрийн таазыг нэмэгдүүлэхгүй байх, баталсан төсөвт нэмэлт тодотгол хийн тухайн жилд төлөвлөөгүй зардлуудыг гаргаж ирэн дур дураараа аашлах явдлыг цэгцэлж байгаа нь сайн хэрэг. Энэ нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд сайнаар нөлөөлж, түүнийг хянахад ч зохистой нөхцөл байдлыг бүрдүүлнэ. Түүнээс төлөвлөчихөөд төсөв хүрсэнгүй гэх нэрийдлээр тодотгол хийгээд байвал анхнаасаа төлөвлөж чадаагүйн илрэл. Ингэж төсөвт дураараа гар дүрдэг байдлыг Үндсэн хууль дахь энэ зохицуулалт өөрчилнө гэж үзэж байна. Гэхдээ УИХ хариуцлагаа өндөржүүлэхийн хэрээр тодорхой эрхүүдээсээ татгалзсан заалтууд багагүй батлагдлаа. Бид парламентын засаглалтай орны хувьд УИХ-ын чадамж, чадавхыг, эрхийг хэт хумихад анхаарал болгоомжтой хандах ёстой. УИХ-аа хариуцлагатай болгож байгаа нь энэ гээд эрхийг нь хэт хумьчих юм бол парламентын засаглалаа хэрэгжүүлж чадахгүйд хүрэх вий. Тэгснээрээ ард түмнээс шууд сонгогдох төлөөллийн ардчилал суларч, ардчиллын зарчим ганхаж эхэлнэ.

-Сөрөг хүчний зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд сонгуулийн тогтолцоог тусгах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж буй. Гишүүдийн тоог нэмэх тухай ярихаасаа илүүтэй сонгуулийн тогтолцоогоо суулгаж өгөх нь чухал ач холбогдолтой гэдгийг хэлж байна л даа.

-Одоохондоо энэ асуудал дээр санал хураалт эхлээгүй байна. Миний хувьд энэ асуудлаар бүлгийн хурал дээр тодорхой байр сууриа илэрхийлж байсан. Гишүүдийн тоог нэмэхийг буруу гэж үзэж байгаа. Хуулийг чанартай сайн батлахад одоогийн 76 гишүүний тоо хангалттай. Мөн бүрэн эрхийн хугацааг таван жил болгон сунгахыг, холимог тогтолцоотой болгохыг дэмжихгүй байгаа. 76 жижиг тойргоороо явахад болохгүй зүйл үгүй. Тэр дундаа намын жагсаалт нэрийн дор олон нийтийн шалгуураар дамжаагүй, нэр дэвшигчдэд тавигдах шаардлагад нийцээгүй хүмүүс орж ирнэ. Ажлын туршлага, намтар нь үнэн эсэх, нэр дэвшигчийн ажил үйлс эрхэлж байсан замнал нь шударга, ёс зүйтэй явж ирсэн үү гэдгийг ард нийт ихээхэн харах болсон. Энэ тохиолдолд намын рейтингээр дулдуйдаж, тэр нөмрөг, халхавчин дор хэн ч ороод ирэхийг үгүйсгэх аргагүй учир пропорционал системтэй холихыг дэмжих боломжгүй. Монголд одоог хүртэл бодлого үзэл баримтлал нь бүрэн цэгцэрсэн нам алга. Бараг 100 жилийн түүхтэй манай нам хүртэл зарим үед улс төрийн философитойгоо нийцээгүй радикал шийдэл гаргахаар гайхах юм. Зүүн, баруунаа мэдэхээ байж үзэл холилдон, эсвэл үзэл баримтлал бүр алга болж, популизм давамгайлах үед бодлого хааччихав гэж гайхширмаар. Мэдээж илүү төгөлдөршсөн, төлөвшсөн ардчилалтай тохиолдолд тухайн хүмүүс намынх нь бодлогыг харж сонгодог. Тэр тохиолдолд пропорционал системтэй байх нь зөв. Гэхдээ манай ардчилал хараахан тэр хэмжээнд хүрээгүй байна. Магадгүй 20 жилийн дараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийгдэхээр болбол дээрх тогтолцоог суулгах талаар яригдахуйцаар ардчилал бэхжиж, намууд төлөвшиж, институциуд хөгжиж чадсан байх болов уу гэж найдаж байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүхийн хараат бус байдлыг бий болгож хариуцлагажуулна гэх хүлээлт олон нийтийн дунд байсаар байна. Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналтай холбоотойгоор энэ зорилгоосоо ухрах нь гэх шүүмжлэл ч гарах боллоо. Та үүнийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Олон нийт, бизнес эрхлэгчдийн дунд шударга ёсны хүсэмжлэл асар өндөр байна. Өөрөөр хэлбэл, эрх мэдэлтэй нөлөө бүхий нэгнийх нь талд шийдвэр гарч, хүчгүй нь хохирч байна уу даа гэх бухимдал маш их байна. Иймэрхүү бодитой тохиолдлууд байгаад байгаа учраас л хүмүүс ингэж бухимдаж байгаа хэрэг. Шударга ёсны хүсэмжлэлийн хариу нь шүүхийг улс төрөөс ангид, хараат бус, шударга ажиллах бололцоог хангах. Тэр утгаараа би 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дэх шүүх засаглалтай холбоотой есөн заалтыг дэмжиж байсан. Тэдгээрийг хийгдэх ёстой өөрчлөлтүүд гэж харж байсан. Харамсалтай нь зөвшилцлийн үед тэдгээр заалтуудын цөөнгүй нь хасагдсан. Гэхдээ чамлахаар чанга атга гэдэгчлэн үлдсэн заалтуудаа батлах ёстой.

Миний хувьд “Залуусын дуу хоолой” нэртэй арга хэмжээг санаачлан зохион байгуулсан. Залуучууд улс төр, нийгмийн асуудлуудад тэр дундаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд анхаарлаа хандуулаасай гэсэн үүднээс дуу хоолойгоо нэгтгэн идэвхтэй байх боломжийг нэмэгдүүлж, залууст ярилцах платформ бий болгож өгөхийг хүсч, зорьсон. Зорилго маань биелж уг арга хэмжээнд оролцсон нийгмийн идэвхтэй маш олон залуус Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой ажлыг цааш нь үргэлжлүүлээд явсан. Өөр хоорондоо ярилцаад, анхаарал хандуулаад явж байгаад би маш их баяртай байгаа. Мөн хуульч залуус үнэхээр идэвхтэй байна. “Залуусын дуу хоолой” хаштаг сошиал сүлжээнд идэвхтэй ашиглагдаж, орон нутагт залуус нэгдэж ярилцаж байгаад баяртай байна. Саяхан хуульчдын өөрсдийнх нь мэргэжлийн байгууллагаас байр сууриа илэрхийлж жагсаал хийлээ. Хэдийгээр үүнийг зохион байгуулахад миний ямар нэгэн оролцоо байхгүй ч энэ залуучуудын хийж буй зүйлийг зөв зүйтэй гэж харж байгаа. Мөн эрдэмтэд, судлаачдын байр суурийг анхааралтай уншиж, ажиглаж байна.

-Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийг таны хувьд өмнө нь онцолж ярьж байсан. Сумын Засаг даргыг иргэдээс сонгохоор төсөлд тусгагдсан нь багагүй шүүмжлэл дагуулж байх шиг. Энэ зохицуулалтын тухайд та юу хэлэх вэ?

-Өмнө нь орон нутаг, шат шатны засаглалын бодлогын уялдаа холбоо, хэрэгжилтийг чухалчилж ярьж байсан. Засгийн газраас гарч байгаа шийдвэрийн хэрэгжилт дунд болон анхан шатандаа очоод хэрэгжихгүй байх нь олон. Үүн дээр нэмээд удирдлагууд нь уялдаа холбоо муутай ажлаад байвал бүр хэцүү. Нөгөөтэйгүүр иргэдийн амьдралд тулгамдаж байгаа ажлуудыг хамгийн түрүүнд олж харж, шийдэх субьект нь анхан шатны нэгж. Тэр үүднээсээ иргэд ахуй амьдралдаа ойр буусан шийдвэр гаргая гэвэл анхан шатныхаа удирдлагыг намчирхахгүй дундаасаа сонгодог байх хэрэгтэй. Энэ нь зөв тогтолцоо юм. Намаар нь дэмжчихээр түүнээс томилсон хүнд шаардлага тавих, хариуцлага нэхэх процесс шууд, тодорхой байхад ярвигтай. Дээрээс нь бидний намчирхал хэрээс хэтэрч, ахуйд нөлөөлж байна. Сум, баг битгий хэл нэг гэр бүлийн дотор намчирхал бий болчихсон. Иймд иргэд өөрсдөө орон нутгийнхаа удирдлагыг илүү шууд хэлбэрээр сонгож, сум, хорооны тулгамдсан асуудлуудаа илүү бодитой шийдүүлж, хариуцлагаа ч тооцдог байх ёстой юм.

-Ирц бүрдэхгүй, тодорхой саналууд дээр гишүүдийн санал нэгдэхгүй байгаа энэ нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд бүлгийн дарга багагүй хүчин чармайлт гаргаж байгаа харагдсан. Гишүүдийн Үндсэн хууль хэлэлцэж буй уур амьсгалыг та юу гэж дүгнэхээр байна вэ?

-Намын бүлгийн шийдвэрээ дагах ёстой гэдэг дээр бүх гишүүн хатуу байр суурьтай байгаа юм биш. Гэхдээ ерөнхий хандлага нь аль болох нэгдэж, улс төрийн шийдвэрээ дагах нь зүйтэй гэж харж байгаа. Хэдий тийм ч хэтэрхий хааж боож, өөр үзэл бодол байхыг зөвшөөрөхгүй, хүлцэхгүй байвал тэр нь эргээд сөрөг үр дагавартай гэж үзэж байна. Хэтэрхий хайрцагласан, тушаасан байдлаар ажил явахгүй л дээ. Тиймдээ ч хэт тулган шаардсан, хүч түрэмгийлсэн, хүний эрхийг зөрчсөн хандлагын эсрэг байр сууриа илэрхийлэх болно.

-Санасныг бодоход хоёрдугаар хэлэлцүүлэг эрчимтэй үргэлжилж, цөөнгүй заалтуудыг хэлэлцчихлээ. Энэ чигээрээ явбал төд удалгүй л Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө баталчих болов уу гэж харж байна. Энэ тухайд?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол түүхэн шийдвэр. Энэ түүхэн шийдвэрийг батлах босго өндөр. Хуулийн дагуу 57 гишүүн саналаа нэгтгэж байж тэр заалт батлагдана. Энэ нь ямар өндөр босго болохыг санал хураалт бүрт бид харж байна. Монголын өдөр тутмын том сонинд ярилцлага өгч байгаагийн хувьд нэг зүйлийг хэлэх нь зүйтэй байх. Техникийн дэвшил гэдэг сайн зүйл. Хурууны хээгээр санал хураалгаж хууль баталдаг болсноор өөр хүний өмнөөс кноп дардаг байдлыг арилгаж, гишүүдийн хариуцлагыг өндөржүүлсэн. Энэ нь М.Энхболд даргын үед хийгдсэн маш чухал ажил. Гэхдээ бүх зүйл амар байдаггүйн адилаар техникийг ашиглахдаа зарим үед будилах, төхөөрөмж ажиллахгүй байх тохиолдлууд гарч байна. Үүнээс үүдэн хэд хэдэн гишүүн дэмжсэн санал өгсөн ч сөрөг гарсан. Энэ үед протоколд хэлж тэмдэглүүлээд дэмжсэнээр тооцуулан цааш явж байна. Систем, техникийн дэвшил бидний санал өгөх процессийн дундах ньюанс хэрхэн өрнөж байв гэдгийг магадгүй хэдэн жилийн дараа судлаачид нарийн судлах байх. Энэ талаар УИХ-ын архивт үлдэх нь дамжиггүй. Тэр утгаараа “Өдрийн сонин”-ы архивт ч энэ тухай хэлж, тэмдэглэн үлдээх гэсэн юм. Сонины шарласан хуудас түүх гэрчилнэ гэдэг шүү дээ. Ямар ч алдаа гаргадаггүй, төгс төгөлдөр систем юу юм бэ гэдгийг ч энэ нөхцөл байдал бодоход хүргэж байлаа.