Жолооч нар даатгалаа онлайнаар хийлгэх боломжтой болжээ
2019.07.26

Жолооч нар даатгалаа онлайнаар хийлгэх боломжтой болжээ

Зам тээврийн ослын дуудлагыг наймдугаар сарын 1-нээс эхлэн 18001777 утсаар эсвэл “АЖД” аппликэйшнаар хүлээн авдаг болж байгаа талаар Албан журам даатгачдын холбооноос мэдээлэл хийлээ. 

Тухайлбал, тээврийн хэрэгслийн эзэмшигч жолооч, иргэд гар утсаараа эсвэл онлайнаар дуудлага өгөх ба “АЖД” апплейшнийг APPSTORE, PLAYSTORE болон www.ami.mn сайтаас татаж суулгана. Мөн албан журмын даатгалын гэрээгээ жолооч өөрийн биеэр даатгалын компанид очихгүйгээр онлайнаар хийх боломж бүрдсэн. Ингэхдээ тоон гарын үсэг ашиглаад даатгалын гэрээ хийх юм байна.

Албан журам даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав: Даатгалын хураамжаа төлсний дараа 14 оронтой даатгалын гэрээний баталгаат дугаарыг олгоно. Тухайн даатгалын компанийн дансанд бэлэн бусаар мөнгө орсныг мэдээлсний дараа дугаар олгоно гэсэн үг. Хуучин гэрээ хийсэн даатгуулагчийн мэдээлэл оронгуут баталгаат дугаарыг олгодог байсан. Одоо тийм зүйл байхгүй. Мөнгөө, дутуу төлсөн эсвэл төлөөгүй бол дугаар олгохгүй. Тээврийн цагдаа нар зам дээр шалгахдаа баталгаат дугаарыг нь  хараад даатгалтай юм байна гэж дүгнэхгүй болно. Жилд дунджаар 30 тэрбум төгрөг даатгалын хураамжаар орж ирдэг. Үүний 53 орчим хувь нь нөхөн төлбөрөөр иргэдэд очдог. Харин дөрөв орчим хувь нь зуучлагч нарын хөлсөнд, 1,8 хувь нь программ хангамж, үлдсэн 40 орчим хувь нь даатгалын компаниудад үлддэг.

Албан журам даатгагчдын холбооны мэдээллийн сангийн захирал Т.Шинэцэрэг: Зам тээврийн ослын дуудлагыг 1800-7777 гэсэн утсаар болон АЖД аппликэйшнаар улсын хэмжээнд хүлээн авдаг болсон нь олон давуу талтай. Энэ аппликэйшнийг ашиглаад даатгалын дуудлага өгч байгаа тохиолдолд заавал цагдаа дуудах албагүй. Ослын газрынхаа зургийг аваад, илгээхэд л болно. Мөн тухайн апплейкшн дээр заавал бөглөх асуултууд бий. Тэдгээрт “тийм” гэсэн хариулт өгвөл тээврийн цагдаа заавал оролцох ёстой дуудлагууд гэсэн үг. Тэгэхээр тухайн дуудлагыг хүлээж аваад цагадаа очно. Буруутай этгээд нь регистрийн дугаар, машиныхаа дугаарыг оруулна.  


Бүртгүүлэх, нэвтрэх заавар:

Жолоочийн албан журмын даатгалын гэрээг өөрийн биеэр даатгалын компани дээр очихгүйгээр онлайнаар хийх боломжтой. Энэ тохиолдолд даатгуулагч та тоон гарын үсэг заавал авсан байх шаардлагатай.

1. Та компьютер дээрээ аль нэг вэб хөтөч ашиглан www.insuretech.mn сайтыг дуудна.

2.Хэрэв та бүртгүүлж амжаагүй бол “Бүртгүүлэх” товч дээр дарна.

3.”Бүртгүүлэх” дэд цонхонд өөрийн мэдээллийг үнэн зөв оруулж “Бүртгүүлэх” товчийг дарснаар таны бүртгэл үүсэж, и-мэйл хаягаар нэвтрэх нууц үг очно.

4. Хэрэглэгчийн нэр болон нууц үгийг оруулж “Нэвтрэх” товчийг дарж системд нэвтэрнэ.

Цахим даатгал хийх

1.Даатгуулагч системд бүртгүүлж, авсан эрхээрээ системд нэвтэрч орно.

2.Системд өөрийн тоон гарын үсгээ холбосноор даатгалын гэрээний мэдүүлгийн маягт бичих, гэрээ байгуулах боломжтой болно.

3.Даатгалын гэрээний мэдүүлгийн маягтын асуулт, холбогдох цонхны мэдээллийг үнэн зөв бичиж хураамжийг тооцоолох, хадгалах товчийг дарна.

4.Төлөх хураамжийн хэмжээг тооцоолж гарч ирнэ. Төлбөрийн сонголт хийж даатгалын хураамжийг төлнө.

5.Таны сонгосон даатгалын компани тоон гарын үсэг зурсан гэрээг системд оруулж, системд боло таны и-мэйл хаягт ирүүлнэ.

6.Даатгуулагч даатгалын компанийн гарын үсэгтэй гэрээг файл хэлбэрээр системээс татан, өөрийн тоон гарын үсгийг зурж, файлаа системд буцаан оруулах үүрэгтэй.