“Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга хэмжээний нээлт боллоо
2019.09.02

“Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга хэмжээний нээлт боллоо

БНХАУ болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, уламжлалт найрсаг харилцааг ахиулах зорилгоор “Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга хэмжээг энэ сарын 2-6-нд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

Урлагийн тоглолт, үзэсгэлэн, ном хэвлэл, уран сайхны кино солилцоо, монгол анагаах ухааны үнэ төлбөргүй оношилгоо, аялал жуулчлалын салбарын танилцуулга, спортын уралдаан тэмцээн зэрэг олон салбарыг хамарсан цуврал арга хэмжээний нээлт өнөөдөр Монголын уран зургийн галерейд боллоо.

Соёлын цуврал арга хэмжээний нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, БНХАУ-ын Коммунист Намын Төв Хорооны Суртал ухуулгын газрын дарга, дэд сайд Жян Жань гуо, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны Суртал ухуулгын газрын дарга Бай Юйган, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон хоёр орны хүндэт зочид төлөөлөгчид, үзэсгэлэнг үзэж сонирхохоор ирсэн иргэд оролцов.

Үзэсгэлэнд “БНХАУ-ын 70 жил”, “Манай найрамдал”, “Түмэн газрын цайны зам” гэрэл зургийн үзэсгэлэн, “Хятадын хатгамлын урлагийн бүтээлийн үзэсгэлэн”, “Монгол морины урлагийн бүтээлийн үзэсгэлэн” уран зургийн үзэсгэлэн гэсэн таван хэсгээс бүрдсэн нийт 150 гаруй үзмэр дэлгэгдсэн байна.